Чөлөөт бөхийн 31 удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртэж буй нь энэ.
Ц.Намуунцэцэг өчигдөр Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Манай бөх түүнтэй сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд даагаа нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.