Өнөөдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрээн, Шинжан уйгар, Хөх хот, Манжуур зэрэг бидний ойр тойрны ихэнх газарт коронавирус халдвар бүртгэгдсэн. Бид өндөр эрсдэлтэй орны тоонд орсон. Тиймээс хүмүүс худал мэдээ тарааж, ард түмнээ бүү төөрөгдүүлээч ээ. Иргэд маань баттай эх сурвалжийн мэдээ уншиж, итгээч ээ. Айдас хүйдэсгүй, асуудалд бодитой хандах шаардлагатай байна.
Иргэдээ
1. Гараа маш сайн савандаж угаагаарай
2. Маск зүүж, заншаарай
3. Халдвар бүртгэгдсэн улсууд уруу бүү яваарай
Дээрх гурван зүйлийг сайн мөрдөөрэй. Мөн дархлаагаа сайжруулаарай. Япон, Хятад улс туршилтын оношлуураа хийчихлээ. Ирэх мягмар гарагт Япон улсаас манайд оношлуур ирнэ. Монголд коронавирус бүртгэгдээгүй байгаа ч бид бэлэн байдлыг хангаж 50 ортой тасаг бэлдсэн. Мөн 150 орны нөөц бэлдсэн, 21 аймаг, сумд, дүүрэг, өрхийн эмч нарт сургалт зохион байгуулсан. Монгол улсын чадалтай сайн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг багтаасан эрүүл мэндийн зөвлөл байгуулж ажиллаж байгаа" гэв.