Манай эх орны төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхтэй. Ийм эхлэлтэй Монголын төмөр зам 2020 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болж, жилд давхардсан тоогоор 2.6 сая хүнд үйлчилдэг том зах зээл болтлоо өргөжлөө. Гэвч интернетгүй, зурагтгүй, агааржуулагчгүй, хоол, уух зүйлс нь сонголтгүй, амт чанар тааруу, он удаан жил хэрэглэсэн, бөөсөрсөн орны дэвсгэр гээд үйлчлүүлэгч нарыг бухимдуулах олон зүйлсийг нэрлэж болно. Цахим орчинд иргэд энэ мэт шүүмжлэлийг хэлдэг ч “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл “үнэ нэмэхээс аргагүй, үнэ нэмэх гэхэд Засгийн Газар зөвшөөрдөггүй” гэж тайлбарладаг. Тэгвэл Б.Цогтгэрэл даргадаа тусалж, их мөнгө шаардахгүй үйлчлүүлэгч нарт таалагдах хэдэн санаа сийрүүлье.
1. Галт тэргэнд зорчиж буй үйлчлүүлэгч дүрдэг лептон цай, ҮЕ ҮЕ, Хаан кофе гэсэн сонголттой л тулдаг. Удаан хугацаанд галт тэргээр явах уйдсан хүмүүст сонголт өг. Тиймээс чанартай сайн кофе, цай зэргийг зар. Боломжтой нь мөнгөө төлөөд авна. 2.6 сая үйлчлүүлэгчтэй танай компанид бараагаа нийлүүлэх компани захаас аваад бий.
2. Бөөсөрсөн хуучин одеаллаа солих мөнгө байдаггүй юм бол ядаж бөөстөөгүй, шинэвтэр одеолл хэрэглэх сонголтыг үйлчлүүлэгчдээ өгчих. Үйлчлүүлэгчдээ тасалбар зарахдаа л тэр бүхнээ танилцуулчих. Үйлчлүүлэгч галт тэргэнд орохоос өмнө тооцоогоо хийчихнэ.
3. Өвөл зуны алинд ч Монголын галт тэргээр явахад бие муутай хүн бол ухаан алдмаар бүгчим. Тиймээс агааржуулагч тавьж чадахгүй бол ядаж сэнс залгаад өгчих. Аргаа барсан санаа. Агаар оруулах гээд цонхоо онгойлгоход битүү тоос шороо, өмхий самхай. Тиймээс цонхоо хаагаад, агааргүй явахаас өөр сонголт үйлчлүүлэгч нарт гарахгүй байна. Нээрээ жорлонгоо угаадаг болчихбол бүр сайн байна. Муулж л байна уу таанууд гэж тавлаж суухын оронд дарга Б.Цогтгэрэл та өөрөө галт тэргэндээ суугаад 12 цаг яваад үз.
4. Галт тэрэгний тасалбар захиалдаг апплейкэшн байдаг. Гэхдээ энэ тухай үйлчлүүлэгчдийн чинь хэдэн хувь нь мэдэх бол. Дархан, Эрдэнэт чиглэлийн галт тэргийн суудлыг давхардуулж бичсэнээс болж, жуулчин авч явсан найз маань апплейкшнээр захиалсан ч суудалгүй зогсоод явсан гашуун түүх бий. Учрыг нь лавлатал биеэр ирээд авахгүй яасан юм гэдэг. Галт тэрэгний тасалбараа ингэж захиал, ийм нэртэй апплейкэшн бий гээд иргэддээ хүртээмжтэй тэгш мэдээлэл тараа. Мэдээлэлгүй иргэд хэдэн цаг дугаарлаж, хотын түгжээнд түгжээ нэмж вокзал орсоор байна. Монголчууд апп хэрэглэж чаддаггүй дээ биш. Мэдээлэл аваагүйдээ байгаа юм. Хэрвээ танай компани мөнгөгүй бол би бүүст хийх 10 доллар өгье. 10 мянган хүн ч болтугай апплейкэшний чинь тухай мэдэж аваг.
5. WIFI чинь ажилладаггүй. Илэрц гарч ирдэг ч кодыг нь мэдэж хэлдэг үйлчлэгчтэй таарсангүй. “Яг ажилладаг юм уу?” гээд асуухаар “ажиллахгүй юм билээ” гэж хариулдаг. Нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ интернэтээ гацаанаас нь гаргаж, асаа. Мөнгө олдохгүй байвал компаниудаас сурталчилгааны боршур, сэтгүүл гэх мэтийг нь байршуулаад олсон мөнгөөрөө интернэттэй бол. Сурталчилгаа байршуулаад ч мөнгө нь хүрэхгүй байвал дарга нарынхаа тансаглалаас нэг удаа хасаад нөгөө яагаав Л.Пүрэвбаатар даргад авч өгсөн тэрбумын хаусаа зарчих. Бас нэг удаадаа наадам хийхгүй өнжиж болно шүү дээ.
Жич: Ажил хийгээд алж өгч байна хэмээн дарга нар ярьдаг. Гэтэл үр шимийг нь хүртэх ёстой иргэдэд олон зүйл бахь байдгаараа л байдаг. Тиймээс Улаанбаатар төмөр замын удирдлагууд сошиалд өөрсдийгөө магтаж суухаар үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжид анхаар. Улаанбаатар төмөр замд ажилладаг олон мянган хүмүүсийг энд огт бичээгүй. Удирдлагын зүгээс үйлчлүүлэгчдээ тавих ёстой наад захын зүйлсийг шаардаж буй нь энэ. Нээрээ үйлчилгээний соёлдоо олон улсын стандарт нэвтрүүлээч. Аягүй бол Орос ах нар чинь загнах уу.