Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д хүргүүлсэн нь онцлох үйл явдлын нэг болов. Өвчний улмаас хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрсөн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд хавтсаа тэвэрсээр ирсэн юм. Гэвч, ирц бүрдээгүйн улмаас хуралдаан хойшиллоо. Хуульд зааснаар, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч хууль зөрчих нь нэгэнт тодорхой боллоо. Халдашгүй байдлын дэд хороо Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын гишүүдээс бүрддэг. Тэдний зарим нь гадаадад томилолттой байгаа нь хойшлох шалтгаан болов.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яг ямар асуудалд холбогдуулан шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснийг Ерөнхий Прокурор тайлбарласангүй. “Асуудлыг нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Өөр бас нэг анхаарал татсан асуудал нь, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл гарч эхлэхтэй зэрэгцээд түүнд холбогдох зодооны бичлэг ил болов. Яагаад заавал, эвлүүлэгтэй бичлэгийг зохион байгуулалттай мэт цацав гэх маргаан, мэтгэлцээн ч цахим орчинд өрнөсөн. Ямартай ч, ирэх 7 хоногт Ардын намынхан дахин нэг гишүүнээ явуулах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэхээр болж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАВ
Энэ удаад малын хулгайтай тэмцэх хуулийн заалтуудыг батлав. Хоттой хонио харамлаад, хөршийнхөө хэдийг “хөнтөрчихдөг” урт гартнуудад хатуу хууль бэлджээ. Тухайлбал, найман бог, хоёр бодоос дээш мал хулгайлсан, хулгайн хэргээ бүлэглэн үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Мөн нэг бог мал хулгайлсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчиллаа.
Н.ЭНХБАЯР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЛАА
2020 оны сонгуульд оролцож чадахааргүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хуульчдаараа дамжуулан өргөдөл гаргалаа. Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээдийг сонгуульд өрсөлдүүлэхгүй байхаар хуульчилсан юм. Энэ нь хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн цэцэд ханджээ. Сонгууль бүрээр “азгүйтэлтэй” тулгардаг түүний хүсэлтийг цэц хэрхэх эсэхийг харах л үлдэж байна.
ЦӨӨН ҮГЭЭР:
– Нийгмийн даатгалын тухай хуулинд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав. Тэтгэврийг сүүлийн 7 жилийн цалингийн дунджаас тогтоохоор болжээ.
– УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа. Махны экспортоос мөнгө “иддэг” хэмээн буруутгажээ.
– Хуучны, түүх соёлын барилгуудыг буулгахгүй гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэв. УДЭТ-ын барилгыг нураана гэх дуулианы хариуд тайлбар хийсэн нь энэ юм.
– Фэйсбүүк компанийн төлөөлөл УИХ-ын сонгуулийн үеэр Монголд ирж ажиллахаар болсныг зарлав. Нэгнээ гүтгэдэг, баримтгүй хуурамч мэдээлэл тараадаг байдлыг хязгаарлана гэв.