Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж өндөрлөлөө.
Тав дахь удаагийн тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд медаль хүртсэн тамирчид 2020 оны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлнө. Тэмцээний онцлох сониноос дуулгахад эрэгтэйчүүдийн 74 кг-ын жингийн суултын төрөлд Б.Дүвжинд 241, 83 кг-ын жингийн таталтын төрөлд Г.Галбадрах 260, 105 кг-ын жингийн таталтын төрөлд Б.Пүрэвсүрэн 285, -120 кг-ын жингийн шахалтын төрөлд Г.Цэрэнтогтох 225, суултын төрөлд Т.Сайфолла 303 кг-ыг өргөснөөр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэхүү тэмцээний багийн дүнг "Стронг" клуб тэргүүлж, Орхон, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.