Бизнес өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаар MCS группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшинг онцолж ярилцлаа. Тэрээр их сургуулиа төгсөөд, МСS группийн санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлсэн. Тэрээр MCS группт 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон бизнес, төслүүдийг амжилттай удирджээ. Ингээд түүний ажлын туршлага, удирдах арга барилын талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр:
- Ц.БАРХАС "Таванбогд хот пот" ХХК-ийн ерөнхий менежер
- Б.БАТЖИН “Томужин” академи, “Ulaanbaatar passport”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нар уригдаж ярилцлаа.
Б.Болорчимэг: Таны хувьд одоо MCS группийн дэд ерөнхийлөгч гэсэн албан тушаалд ажиллаж байна. Энэ албан тушаалыг ямар эрх мэдэл, үүрэг, хариуцлага дагаж явдаг вэ? Гүйцэтгэх захирлаас юугаараа ялгаатай вэ?
Д.Энхтүвшин: MCS групп өнгөрсөн онд 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Их олон компаниуд бизнесүүд шинээр эхлүүлж байсан, ихэнхээс нь бас гарсан. Өнгөрсөн жилийн хувьд авч үзэхэд бид архи, пивоны бизнесээсээ гарсан, ноолуурын бизнес болох “Гоёо” брендээ “Говь”-д зарсан. Ингээд ерөнхийдөө цөөхөн бизнес дээр төвлөрч ажиллаж байна. Нэмэлт төслүүд дээрээ гаднаас үйлчилгээ, хүний нөөц авах зэргээр явж байна.
Б.Болорчимэг: Одоо тэгвэл үндсэн бизнес нь нь харилцаа холбоо, уул уурхай, дистрбьютрийн бизнес болж байна уу?
Д.Энхтүвшин: Манай үндсэн бизнес бол харилцаа холбоо, кока кола, өргөн хэрэглээний барааны дистрибьюшн, худалдааны компани байна. Мөн инженерэнгийн төслүүд хийдэг компани байна. Уул уурхайн бизнесийн хувьд бид том хувьцаа эзэмшигч болохоос манай охин компани биш. Бидний хувьд хөрөнгө оруулагч байдлаар ажилладаг, менежментэд нь тэр бүр ордоггүй.
Миний хувьд эдгээр бизнесүүд дээр толгой компанийн зүгээс ямар бизнесүүдээсээ гарах вэ, ямар бизнесүүд рүү түлхүү орох вэ, бизнесүүдийн шинэ хөрөнгө оруулалтууд, менежмент, хэрхэн өргөжих талаас нь судалж шийдвэр гаргах багт илүү цаг гаргаж ажиллаж байна.
Б.Болорчимэг: Шууд утгаараа гүйцэтгэх удирдлага гэж хэлж болох уу? Гэхдээ таны хувьд хувьцаа эзэмшигч байх аа.
Д.Энхтүвшин: Тийм ээ. Би MCS группийн бага хувьцаа эзэмшигчидийн нэг нь.
Б.Болорчимэг: Гүйцэтгэх захирал бол тухайн компанийг олон нийтэд төлөөлөх нүүр царай болдог. Та сүүлийн үед маш нээлттэй болсон анзаарагддаг. Магадгүй нээлттэй болохын цаана ямар нэгэн бодлого байгаа юу? Нээлттэй байхын давуу тал нь юу вэ?
Д.Энхтүвшин: Бодлого ч гэж юм байхгүй л дээ. Намайг Шарк танк нэвтрүүлэгт орсноос хойш олон хүн мэддэг болсон байна. Тосгонд шинэ хүүхэн ирлээ гэдэг шиг. Нэгэнт ингээд нэвтрүүлгээр гараад ирсэн болохоор хаалттай байгаад яахав гэж бодсон. Тиймээс өөрийн үзэл бодол, санаагаа зөвөөр илэрхийлэх нь зүйтэй гэж бодсон. Нээлттэй болоод нэвтрүүлэгт ороод, сошиалаар өөрийн бодол, бизнесийн тухай бичээд яриад ирэхээр зарим нь улс төрд орох нь уу гэж ч хардаад байх шиг байсан. Миний хувьд залуу үеийнхэнд өөрийн мэддэг, туршлагаасаа хуваалцъя гэсэн л зорилгоор сошиал хуудсаараа нээлттэй бичиж байгаа. Шарк танк нэвтрүүлэгт орох шийдвэр бол яг миний хувийн сонголт байсан. Би өөрийн хувийн мөнгөөр хөрөнгө оруулсан. MCS-тэй ямар ч холбоогүй. Ж.Оджаргал захиралд Шарк танкд орохынхоо хэдхэн хоногийн өмнө дуулгахад дургүйцэж байсан юм. Гэхдээ шийдвэрээ өөрчлөх хугацаа байгаагүй болохоор орсон. Ер нь манай MCS-ийнхэн олон нийтэд нэг их гараад яриад байдаггүй. Манай Ж.Оджаргал захирал ч гэсэн тийм зүйлд сонирхолтгүй. Тиймээс ч өдийг хүртэл өөрийн гэсэн нүүр царайгүй явсан байх. Энэ нь ч магадгүй нийтэд сул тал мэт харагддаг байхыг үгүйсгэхгүй. Компанийн тухай сөрөг мэдээллүүдэд хариу мэдээлэл хийдэггүй зэрэг. Харин миний хувьд энэ компанид харъяалагддаг учраас миний ярьж байгаа бүхэн, туршлага тэр чигтээ л энэ компанитай холбоотой, компанийхаа нэг хэсэг нь бас нийтлэг дүр төрх учраас миний ярьж, хэлж байгаа бүхэн шууд утгаараа MCS-ээс гарсан бүтээгдэхүүн гэж харагдаж байгаа байх гэж бодож байна.
“Надад улс төрд орох боломж байсан. Гэхдээ би бизнесийг сонгосон.
Одоогийн манай нөхцөл байдлаар залуу хүн бизнесийн салбарт өөрийн үнэт зүйлээрээ ажиллах боломж нь илүү байна.”
Б.Болорчимэг: 1990-н хэдэн онд та MCS-д ажиллахын хажуугаар, улс төрийн ажил хийж байсан юм билээ. Тухайн үед улс төрд ажиллаж байсан, улс төрийн гараагаа эхлэж байсан хүмүүс одоо улс төрийн өндөр албан тушаал хашиж байна. Гэтэл та улс төрөөс бүрэн татгалзсан. Магадгүй та улс төрд ажилласан бол өнөөдөр аль нэг салбарын сайд ч болох байсан юм бил үү? Яагаад татгалзсан бэ?
Д.Энхтүвшин: Улс төрийн карьер нэлээн өндөр түвшинд, ерөнхий сайд, их хурлын дарга ч гэдэг юм уу. Нэлээн өндөр түвшинд ажиллаж байсан ч, яг хувь хүнийхээ үндсэн зүйлийг алдсан гэх юм уу? улс төрийн систем нөгөө талаас хэн нэгний эсвэл нэг баг хамт олныг дагах, бүтцээрээ урт хугацаанд явдаг. Хувь хүний үнэт зүйл болох үзэл бодол, баримтлалтай нийцэж байна уу гэдэг асуудалтай санагдсан. Магадгүй зарим нэг нь одоо улс төрийн өндөр албан тушаалд очсон байж болох ч, бас бүтэлгүйтсэн түүхүүд олон бий шүү. Шоронд орсон ч түүхийг би мэднэ. Харин миний сонголт үнэт зүйлтэй минь холбоотой байсан. Хүний үнэт зүйл надад илүү санагдсан. Тиймээс л би сонголтоо хийсэн.
Б.Болорчимэг: Улс төрд хувь хүний үнэт зүйлээр ажиллахад хэцүү гэж татгалзсан юм байна. Бизнес дээр ч гэсэн хүний компанид ажиллаж байгаа болохоор өөрийн үзэл бодлоор ажиллахад хэцүү шүү дээ? Хувьцаа эзэмшигч болохоос өмнө бол.
Д.Энхтүвшин: Улс төрийн хувьд чи анзаарч байгаа байх. өнөөдөр үй зайгүй найз байсан ч, маргааш нь бие биенийгээ үзэн ядаад явж байдаг. Харин нөгөөдөр нь буцаад найз болчихсон байдаг. Зарим нэг хүнийг харахаар ял матрушка хүүхэлдэй шиг санагддаг. Гадаад дүр нь хамгийн том матрушка юм шиг мөртлөө, яг дотоод хүн нь хамгийн жижиг матрушка шиг харагддаг. Тиймээс миний хувьд дотоод дүр нь жижиг матрушка л бол гаднах нь ямар байх нь хамаагүй санагддаг. Харин бизнесийн хувьд харьцангуй тийм зүйл байдаггүй л дээ. Болвол болно, болохгүй бол болохгүй л гэдэг зарчим үйлчилнэ. Жишээлбэл: Захирлынхаа ая талд нийцүүлж, ажиллах гэдэг тэгэх шаардлага байхгүй. Харин өөрийнхөө бодож санаж байгаа зүйлээ илэрхийлэх нь тухайн байгууллагад хэрэгтэй. Ямарваа нэг асуудалд өөр өөр шийдэл гаргаж ирдэг. Магадгүй гаргасан шийдэл таалагдахгүй бол өөрийнхөө шийдлийг илэрхийлж, хамгаалж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй. Харин хэн нэгний хүний саналыг дэмжиж, дагаж, дуурайх, түүний татаасаар явна гэдэг ойлголт бизнест байхгүй л дээ.
Хөрөнгө оруулагчид гарааны бизнест хийх хөрөнгө оруулалтын өгөөжийг арай өөрөөр харж томоохон компани бүр хажуудаа бизнес инкубатор төвтэй болох хэрэгтэй.
Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр:
- Ц.БАРХАС "Таванбогд хот пот" ХХК-ийн ерөнхий менежер
- Б.БАТЖИН “Томужин” академи, “Ulaanbaatar passport”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Ц.Бархас: Манай захирал ингэж ярьж байсан юм. Яг ижил түвшний менежер байж байгаад хэлтсийн захирал, газрын захирал гээд дээшээ тушаал ахих үед нь найзаа, хөгшөөн гээд харилцдаг байсан хүмүүс нь удирдлага нь болохоор хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна л даа. Таны хувьд ч гэсэн MCS-д анх санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Дараа нь удирдлага болоод ажиллахад хамт ажиллаж байсан хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөх, эс зөвшөөрөгдөх асуудал үүсч байсан уу?
Д.Энхтүвшин: Тийм зүйл байсан байх. Гэхдээ би ямар ч ажил дээр очсон “тэр малгайг” түр зуур өмсөж байгаа гэдэг утгаар хандаж ажиллахыг боддог. Олон хүн дарга болчихлоо гээд зангаа хувиргаж байхыг харсан. Миний хувьд би энэ ажлыг түр зуур хийж байгаа гэж өөртөө сануулж нэг л зангаараа байхыг боддог. Тэгж ажиллахаар хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд би их зөөлөн талын хүн. Энэ нь сул тал ч байж магадгүй. Би энэ хүн яагаад ингэх болов гэж нөгөө хүнийхээ талд орж бодохыг хичээдэг. Тийм болохоор тиймэрхүү зөрчилдөөн харьцангуй бага байсан юм уу гэж санагддаг.
Б.Болорчимэг: Гарааны бизнест санаа чухал уу, хөрөнгө оруулалт чухал уу, баг чухал уу гэсэн маргаан их өрнөдөг. Би энэ асуултыг та гурваас асуумаар байна?
Д.Энхтүвшин: MCS-н туршлагаас харахад амжилт гаргасан ажлын ихэнх нь хүнтэй л холбоотой байдаг. Хөгжих боломжтой, зөв хүнд итгэл өгвөл итгэлийг нь алдахгүй юмсан гээд өгсөн хүлээлтээс бүр илүү их хичээж ажилладаг санагдсан. Тиймээс бизнесийн хувьд хүнээ бэлддэг, сургадаг, харьцдаг байх нь чухал. Би чамд цалин өгдөг, чи миний ажилтан гэсэн байдлаар биш гэсэн үг. Харин ч бизнесийн түнш, хамтрагч гэсэн байдлаар ажиллах хэрэгтэй. Миний хувьд анх MCS-д зүгээр л нэг санхүүгийн шинжээчээр ажилд орсон. Хэсэг хугацаанд ажилласаны дараа миний ажлын үр дүнг үнэлээд, компанийхаа хувьцаа эзэмшигч болгосон. Манай компанид сургуулиа төгсөөд л шууд ажилд ороод одоо захирал болчихсон ажиллаж байгаа залуучууд маш олон байдаг. Тэдний хувьд ч гэсэн доороосоо, дээшээ хүртэл ахих боломж бий. Гүйцэтгэх удирдлагад ажилласан хүмүүстээ болон менежерүүддээ ч гэсэн бид компанийнхаа хувьцаанаас эзэмшүүлдэг. Баг, хүн хүч чухал.
Б.Болорчимэг: Батжин захирлын хувьд харин аль нь чухал вэ?
Б.Батжин: 100 хувь баг байх. Анх Монголд ирээд бизнесээ эхлүүлж байхад Монголд байдаг найзууд намайг гайхаад байдаг байсан. Бизнес төлөвлөгөөгөө биччихээд яагаад хөрөнгө оруулалт асууж явахгүй байгаа юм бэ гэж гайхаад байдаг байсан.
Манай хоёр компани хоёулаа гаднаас санхүүжилт ерөөсөө аваагүй. Би өөрөө тийм их мөнгөтэй болохоор хайхгүй байгаа биш. Гол нь анх бизнес эхлэж байхад мөнгө эсрэгээрээ муугаар нөлөөлнө гэж боддог. Хөрөнгө оруулалтгүйгээр, мөнгөгүйгээр ажил хийж үзэх хэрэгтэй. Бид анх тавуулаа эхлээд одоо хорин хэдүүлээ болж томорсон. Хэрвээ бид их мөнгөтэй эхэлвэл ямар ч асуудал гарсан мөнгөөр шийдчих гээд байдаг болно. Мөнгөгүй үед сайн ажиллаад сурчихвал хөрөнгө оруулалт орж ирсний дараа санхүүгээ зөв зарцуулж сурна байх.
Мөн би багаа бүрдүүлэхдээ ерөнхийд нь юу ч хийж чадахаар, гэхдээ нэг ажлаа сайн хийдэг потенциалтай хүмүүстэй ажиллах дуртай.
Ц.Бархас: Багийг яаж удирдах ёстой юм бол, яаж багийн сайн гишүүн байх вэ гэдэг талаар одоог хүртэл өөрөөсөө асуудаг. Формулагийн жишээг та бүхэн сонсч байсан байх. Формулагийн уралдааны үеэр хальт зогсоод машины 4 дугуйг нь солих дэлхийн рекорд хэд гэж бодож байна? 4 дугуйг солиход 1.90 хэдэн секунд байдаг. Би өөрийнхөө машины дугуйг солихдоо ойролцоогоор 30 минут шаардлагатай. Формулагийн тэр амжилтанд баг маш чухал гэдгийг л харуулж байна. Нэг залуу нь зөвхөн дугуйны боолт солиод холддог. Хажууд нь нэг нь дугуйг нь бариад зогсож байна. Түүнийг дугуйгаа хийсний дараа мөн л зөвхөн дугуйны боолт чангалдаг хүн дугуйны боолтын нэг бүрчлэн чангалдаг. Тэд бүгд дор бүрнээ өөр өөрийн ажлаа хамгийн сайн хийдэг байх ёстой. Яг л тийм хүмүүсээр багаа бүрдүүлэх нь хамгийн чухал гэж боддог. Бас зөв багт мэтгэлцээн байх ёстой гэж боддог. Ямар ч маргаангүй байна гэдэг алдаа байна гэсэн үг.
Б.Болорчимэг: Тэгэхээр та бүгдийнхээ баг хамгийн чухал юм байна. Тэгвэл баг удирдаж байгаа хүнд багийн гишүүдээ хэрхэн тогтвортой байлгах вэ, яаж үргэлж бүтээлч байлгах гэдэг асуудал тулгардаг.
Ажлын гараагаа эхлэж байгаа залуучууд эхлээд сэтгэлээ гаргаад ажиллаж байгаад бага зэрэг туршлагатай болоод юм сурсныхаа дараа би чадах юм байна хувиараа юм хийлээ, эсвэл өөр газар орлоо гээд гараад яваад өгдөг. Та гурав багийнхаа гишүүдийг яаж тогтвортой бүтээлч ажилуулдаг вэ? Хэрхэн сэдэлжүүлдэг вэ? Тэр аргуудаасаа хуваалцахгүй юу?
Д.Энхтүвшин: Жишээ нь би өөр дээрээ бодоод үзвэл: миний намтар бол их уйтгартай. Их сургуулиа төгсөөд 97 онд MCS-д ажилдороод 22 жил ажилласан. Нэг газраа яагаад 22 жил ажилласан бэ? гээд бодохоор Оджаргал захирлын хувьд хүнд маш их итгэл хүлээлгэдэг. Залуу хүн байсан ч итгэдэг. Ямар ч хүн алддаг онодог. Алдаан дээр нь дөрөөлөөд хүнийг дарамтлаад байдаггүй. Харин өөрөөр нь алдаагаа засах, залруулах боломжийг олгодог. Гэхдээ би энэ хугацаанд зөвхөн нэг төрлийн ажил хийж байгаагүй. Олон төрлийн малгай өмсөж үзсэн. Тэр хэмжээгээр аливааг харах өнцөг маань өөр өөр болж байсан л даа. Дээр нь нэг газраа удаан ажилласан нь манай байгууллагын соёлтой холбоотой. Компанийн хэмжээнээс хамаарч, байгууллагын соёл тогтдог. Жижиг компанийн соёл өөр, томрох тусам соёл өөрчлөгддөг. Магадгүй хүн цөөтэй байх тусам илүү гэр бүлсэг, найз нөхөд шиг явдаг байсан бол томрохоор тогтсон хэм хэмжээгээр зохицуулагддаг болдог. Гэхдээ компани бүр том болоод ирэхээр буцаад жижигхэн гэр бүлсэг уур амьсгалтай болдог юм байна.
Б.Батжин: Мэдээж хүссэн шиг тогтвортой байна гэж хэзээ ч байхгүй билээ. Би өөрийнхөө богинохон туршлагаас харахад баг намайг идэвхигүй болохоор дагаад идэвхигүй болоод идэхижээд ирэхээд мотивацитай болоод ирдэг юм шиг санагдсан. Би өөрөө ажилдаа өдөр болгон шахуу хоцроод, би жоохон фокус алдаад л ирэхээр хүмүүс шантарахаас гадна ажлын түвшин нь нилээн багасдаг. Би түрүү жил 105 кг-н жинтэй байсан. Хүн гэр бүл, эрүүл мэнд, ажил бизнес гээд олон зүйлийг жонгилоордож тэнцвэртэй авч явах ёстой байтал 2 компани нялх хүүхэд шиг хэт анхаарч бөөцийлж байна гээд өөрийгөө хаячихсан байсан. Сүүлдээ түүндээ нервтэнэ . Өглөө эр босоод ажилдаа гаръя гэхээр ямар ч сайхан зүйл бодсон босч чадахгүй байна .
Чухал ажлаа бодсон ч бие маань дийлэхгүй байгааг анзаарсан. Эндээс би юуг ойлгосон бэ гэхээр хүмүүс яг л адилхан байдаг юм байна. Тиймээс үнэхээр удирдагч, лидер болъё гэвэл өөрөө цагаа сайн төлөвлөх хэрэгтэй, урд нь гараад манлайлаад явах хэрэгтэй. Ингэхийн тулд энэ бүхнийг би өөрөө л хийж, үлгэрлэж харуулах ёстой. Магадгүй юмаа цэвэрлэ гээд хэлэхийн оронд, би өөрөө цэвэрлээд эхэлбэл, 2,3 дах өдрөөс санаачлага гаргаад цэвэрлэх жишээний. Харин одоо бол бид багаараа жимд явж байна. Өглөөний 06:50-аас, оройны 23:00 цаг хүртэл бид хамт байж, нэгэндээ нөлөөлдөг. Тиймээс тэр удирдагч гэж малгай өмссөн хүн өөрөө л манлайлж, өглөө эрт сэрэхгүй бол шал худлаа. Өөрөө 11:00 цагт ирчихээд л, аягүй сүрхий сүрхий номын юм яриад, нэг л сүрхий жимд явах ёстой гээд худлаа юм яриад байдаг байсан хэн ч явдаггүй байсан. Би өөрөө 5 сар жимд явсаны эцэст, багийнхныгаа маш их найрч, инстаграмаар таглаж, шоолж, их олон юм хийсний эцэст, одоо манай багийнхан бараг 20-иулаа хийж байна.
Д.Энхтүвшин: Түрүүний хэлж байсан дээр нэмээд хэлэхэд яагаад нэг компанидаа 22 жил тасралтгүй ажилласан бэ? гэхээр би өөрөө тухайн компанид хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ мэдрэх тэр мэдрэмж маш чухал юм билээ. Яг тэр мэдрэмж надад байхгүй байсан бол би өдийг хүртэл явахгүй байсан байх.
Б.Болорчимэг: Тэр мэдрэмжийг доод талын хүмүүстээ өгөх хэрэгтэй байх тийм үү?
Д.Энхтүвшин: Формулагийн жишээг би дурьдмаар байна л даа. Чи хэдий дугуйны боолт чангалагч байсан ч, чи энд байгаа учраас, чи тэр дугуйны боолтыг чангалж байгаа учраас амжилтанд хүрч байна гэдгийг хүн болгонд мэдрүүлж, ойлгуулдаг байвал сэтгэл хангалуун тухайн байгууллагад ажиллана гэж бодож байна.
Б.Батжин: Чиний хийж байгаа ажил жижиг мэт харагдаж болох ч, чиний хийж байгаа зүйл тухайн амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Бархас: Би яг одоо хийж байгаа үндсэн ажлаа аваад удаагүй байна. Ер нь олон хүнтэй ажиллаад, олон хүнийг чиглүүлэх гээд оролдохоор тэднийг хэрхэн тогтоон барих вэ? гэсэн бодол орж ирсэн л дээ. Хүн болгонд асуудал байгаа. Тэр нь урт болон богино хугацаанд гээд харилцан адилгүй л дээ. Хувийн амьдрал, цалин гээд юу ч байж болно. Анх ажлаа авчихаад ажилтнуудтайгаа уулзаад тэдэнд тулгарсан байгаа хамгийн чухал асуудлуудыг нь жагсаагаад эхний 3 асуудлас нь аль нэгийг нь шийдээд өгчих юмсан гэсэн бодол төрж байсан. Тэр асуудлуудыг нь шийдээд өгчихвөл тухайн ажилтанаа тогтоон барихад амар болох юм гэж бодсон. Яагаад гэвэл тухайн ажилтан олон жил ажилласан туршлагатай, ажиллаж байгаа зүйлээ илүү туршлага болгож чадсан учраас тэднийг тогтоон барих нь миний хувьд чухал зүйл. Тухайн хүмүүсийн асуудлуудыг шийдэж өгөх нь богино хугацаанд тогтоон барих арга байж болох ч гэсэн дунд хугацаандаа алдах алсын харааг багийнхандаа ойлгуулах, тэдний ажлыг хэрхэн утга учиртай болгох вэ? гэдэг л хамгийн чухал юм байна гэж бодох болсон. Мөн түрүүн ярьж байсан манлайлагчийн тухай ярихад: манлайлагч хүн өөрөө үйлдлээрээ үлгэрлэх ёстой. Яг энийг сүүлийн 3,4-н сарын хугацаанд өөрөө илүү сайн мэдэрч байна. Манлайлагч юм уу, багийг удирдаж байгаа хүнийг байшинтай зүйрлэвэл: чи байшингийн дээвэр. Тиймээс хүмүүс чамаас үлгэрлэж, хараад сэдэлжих ёстой. Хэрвээ чи багийнхнаасаа магадгүй дутуу байвал, тэд чамайг нэвтлээд гараад ирнэ шүү дээ. Тэд өөр өрөөнд орно, эсвэл дээшлэнэ гэсэн үг. Магадгүй өөр баг руу явна. Өрөөн дотор байх ёстой тавилга дээшээ яваад, дээврээсээ гарах юм бол нэг бол өөр удирдагч хэрэгтэй. Нэг бол тэр хүмүүс өөр баг руу явах хэрэгтэй. Өөрөөр хэлвэл бусдыгаа хүлээн зөвшөөрөхгүй байдлаасаа аягүй олон багууд тардаг юм шиг байгаа юм. Тиймээс удирдагч хүн өөрийгөө байнга цэнэглэж, яаж өөрийгөө илүү хөгжүүлэх вэ? гэдэг талаас нь бодох ёстой гэж бодогддог.
Б.Болорчимэг: Үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэж харуулах талаар маш сайхан санаа байна.
Д.Энхтүвшин: Түүнээс гадна толгой компани, охин компаний харилцаанд хэтэрхий бүх юмаа мэддэг, бүгдэд нь анхаардаг захиралтай байх нь доод талын хүмүүс эмээх явдал байдаг. Яахав тодорхой үе шатанд, шинээр эхлэж байгаа үед ч юмуу тийм арга барилаар явахад илүү боломжтой. Үргэлж удирдагчаа хараат байвал багийнхны бүтээлч сэтгэлгээ байхгүй болно. Менежер нь урт хугацаанд өвдөх ч юм уу, байхгүй үед баг хамт олон ямар ч амьдрах чадваргүй болчихдог юм шиг харагдсан.
Б.Батжин: Мөн багийнхныгаа бүтээлч байлгах дээр энэ арга их зүгээр санагдсан. Бид үргэлж шинэ юм сорихыг боддог. Нэг төслөө эхлүүлээд жоохон жигдрээд ирэхээр нь өөр илүү том ажил руу оръё яагаад гадны компанид маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлж болохгүй гэж гээд л. Энэ тэднийг ажилдаа дасаад жигрэх үед сэгсэрчихэж байна гэсэн үг. Байшингаар зүйрлэж ярьвал хундаамыг нь тавиад өгье та нар хүссэнээрээ байшингаа барь, байшин биш шал өөр зүйл босгосон ч болно гэж хэлдэг юм. Энэ нь тэднийг бүтээлч байлгадаг.
Ц.Бархас: Гэхдээ старт ап, корпораци хоёрын ялгаа нь эндээ юм болов уу? гэж боддог юм. Старт ап дээр би яг өөрийнхөө юман дээр ажиллаж байгаа учраас хүлээн зөвшөөрөгдөх гэдэг зовлон байхгүй. Тэртээ тэргүй би бизнесийн эзэн учраас ажилд авч байгаа хүндээ хүлээн зөвшөөрөгдөнө, зөвшөөрөгдөхгүй гэдэг асуудал харьцангуй бага. Харин ижил түвшингөөс нэг нь удирдлага нөгөө нь менежер байхад хүлээн зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй гэдэг асуудал компанид гарч ирдэг.
Залуус Монголынхоо зах зээл дээр шинэ технологи, шинэ модел туршиж үзчихээд олон улсад гарах боломжийг эрэлхийлвэл зөв.
Б.Болорчимэг: Сүүлийн үед гарааны бизнесийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Энэ нэг талаараа бол сайн. Энэ дотроос маш олон бизнесүүд амжилттай явна. Гэхдээ бүтэлгүйтэж байгаа бизнесүүд ч олон байгаа.
Залуучууд маань шууд гарааны бизнес эхлэе гэж дайрахгүйгээр, ажил хийж үзэх, юм сурах нь илүү дээр гэж зарим хүмүүс зөвлөдөг. Та харин юу гэж хардаг вэ?
Д.Энхтүвшин: Магадгүй аав, ээжтэйгээ байдаг Ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй, санхүүгийн дарамт шахалт байхгүй бол тодорхой хэмжээнд сэтгэлгээнийхээ цар хүрээг хөгжүүлэхийн тулд бизнес эхлүүлэх боломж байвал хийгээд үзэхэд гэмгүй. Бизнес сэтгэлгээтэй болно. Харин зарим хүмүүсийн хувьд эрсдэл гаргах эрхгүй, тогтвортой санхүүгийн сахилга баттай байх хэрэгцээ шаардлага байдаг. Тийм хүмүүс сайхан цагийг хүлээгээд, өөрийгөө чадваржуулсаны дараа бизнесээ эхлүүлэх нь зүйтэй. Ер нь бизнес сэтгэлгээ хөгжүүлнэ гэдэг зөвхөн гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст ч гэлтгүй, том компаниуд ч үүн дээр анхаарах хэрэгтэй. Томоохон компаниуд хажуудаа бизнес инкубатор төв байгуулаад, гарааны бизнесүүдийг дэмждэг, хөрөнгө оруулалт хийдэг шийдлүүдийг илэрхийлж болно. Би 2 жил Сингапурт байх хугацаандаа гарааны бизнесийн орчин, эко систем нь ямар байдаг талаар судалсан л даа. Миний анзаарсанаар бол гарааны бизнес эко системээрээ л хөгжих ёстой юм билээ. Манайд бол ихэнх нь уламжлалт маягийн хөрөнгө оруулагчид байна л даа. Хөрөнгө оруулаад л, шууд ашиг хүртэнэ гэж боддог. 10-н төрлийн төсөлд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд 2-оос 3 нь ашгаа үзүүлнэ гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө эрсдэл даах чадвартай байх хэрэгтэй. Ер нь гарааны бизнес эхлүүлнэ гэдэг тийм амар биш. Ямар нэгэн комданид харъяалагдаж ажилласнаас илүү ачаалалтай, илүү сахилга баттай ажиллаж байж л үр дүнд хүрнэ.
Б.Болорчимэг: Манайд гарааны бизнесийн эко систем нь ямар түвшинд байна вэ?
Д.Энхтүвшин: Гарааны бизнесүүд технологийн шийдлийг түлхүү ашигладаг, хэрэглэгчийн зардалыг бууруулах замаар тэднийг татдаг инновациудыг бий болохгүй бол зах зээл тэлэхгүй. Хэрэглэгч дээр очиж байгаа үнэ өртгийг бага байлгах бизнесийг бодох хэрэгтэй. Манай улсын хувьд хүн ам цөөтэй. Тиймээс зарим нэг бизнесүүдийн хувьд томрох боломж хязгаарлагдмал. Тодорхой түвшинд ирээд л ханачихдаг. Харин залуус Монголынхоо зах зээл дээр шинэ технологи, шинэ модел туршиж үзээд, гадны оронд гарах боломж, бололцоог эрэлхийлвэл зөв.
Б.Батжин: Хүний тодорхойлогддог гол зүйл бол авъяас чадвар биш, IQ биш сэтгэлгээ гэхээс илүү өдөр тутам хийдэг зуршил болсон зүйлээрээ тодорхойлогддог гэж би уншсан. Тэр дадал хэвшил тогтоход хүний дотор талаас ямар нэг зүйл нөлөөлдөг байх. Таны баримталдаг үнэт зүйл нь юу вэ?
Д.Энхтүвшин: Хувь хүн нь өөрөө ямар хүн бэ? гэдэг л яг бүх юмных нь ар тал байх даа. Тэр нь хэрхэн бий болох нь олон зүйлээс шалтгаална. Аав, ээжээс ирсэн ген байна. Сурч, өссөн орчин нөхцөл байна. Найз нөхдүүд бас байна. Яг миний барьдаг үнэт зүйл бол би том зүйлийн нэг хэсэг, би бусадтай адилхан нэг л хүн гэж бодож бусадтай харьцдаг. Ерөнхийдөө их зөв байх юмсан гэж боддог. Бусдад тус хүргэх юмсан гэж хичээдэг.
Б.Болорчимэг: Өөртөө итгэлтэй болгосон, хамгийн их эрсдэл дагуулсан тийм ажил юу байсан бэ?
Д.Энхтүвшин: Би 2008 оны 1-р сард Англи руу сурахаар явсан юм. Тэгсэн Энержи ресурсийг эхлүүлэх гэж байна гээд Ж.Оджаргал захирал над руу холбогдсон. Энэ ажил руу ирж оролц, хэзээ ч сурч болно гээд. Тэгээд судалгааны ажлаа бичиж үлдээх гэж байсан амжаагүй. Дараа нь бичээд явуулах гэсэн 5-н сар суралцах хэрэгтэй болсон. Тэгээд тэрийгээ бүх хаячихсан. Ингээд огт мэдэхгүй нүүрсний салбарт орж ажиллах болсон л доо. Тухайн үед Хятад руу Монголоос нүүрс авдаг компаниудтай очиж уулзаж байсан юм. Тэгэхэд та бүхэн хоёр л зүйлийг бэлдчих гэсэн л дээ. Тэр нь юу юм бэ? гэхэд нэг дүгээрт нь юань тоолдог машин, хоёрт нүүрс ачсан машин пүлдэг “пү” авчих. Тэгээд л бусдыг бид хийчихнэ гэж хэлж байсан юм. Гэтэл бид Хятадын аль хэсэгт эцсийн хэрэглэгчиддээ хүрч чадах юм тэр болтол шахаж ажиллъя гэж бодсон. Гэтэл өмнө нь бид тэгэж хийж байгаагүй. Тиймээс зам мөр гаргахад их хэцүү байсан. Өдөржин, шөнөжин, Хятадаар явдаг. Сардаа хоёр, гуравхан өдөр л гэртээ байдаг. Бусад үед хөдөө замд, Өвөрмонголд явдаг байлаа. Ёстой өдөржин, шөнөжин явж байж л тэр зам мөрийг гаргаж байсан даа. Монгол бүтээгдэхүүнийг яавал илүү үнэ цэнэтэй, өртөг нэмэгдүүлж зарах вэ? гэдэг дээр ажиллаж байсан. Япон руу, Тайван руу усан боомтоор нүүрс гаргах гээд зам мөрийг судлаад явж байсан. Тухайн үе хэцүү байсан ч гэсэн борлуулалтын шинэ зам мөр гаргасан болохоор дараа нь маш сонирхолтой ажил байсан шүү дараа нь бодохоор. Би Хятадаар ярьж чадахгүй ч гэсэн сүүлдээ бараг үг үсгээр нь буруу яриад байна уу? илүү, дутуу яриад байна уу? гэдгийг нь ойлгодог болсон байсан л даа. Заримдаа буудалд сэрэхдээ хүртэл би чинь гэртээ байгаа билүү? Хаана байгаа билээ гэж хүртэл бодогдоно. Заримдаа бид хэд буудлын мөнгөө хэмнээд хэдүүлээ цуг нэг өрөөнд орчихдог байсан л даа. Тэгээд шөнө сэрээд угаалгын өрөө орчихоод буцаж орондоо орохдоо юу билээ эхнэр маань байгаа билүү ч гэж бодох шиг болдог юм билээ дээ. Гэрээсээ холдоод олон хоног явахаар сүүлдээ бараг “золбин” болчихож байгаа юм чинь… /инээв/
Б.Болорчимэг: Таныг ажлаас гадна хувь хүн талаас нь сонирхоор байна. Олон зүйл нийлж Энхтүвшин гэдэг хүнийг бүтээж байгаа шүү дээ. Энхтүвшин гэхээр зөвхөн MCS-тэй холбоотой хүн гэж ойлгож болохгүй байх . Аавын хувьд хэр сайн аав бэ? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Д.Энхтүвшин: Ер нь бол мундаг сайн төгс хүн биш алдаж онож явна. Алдаанаасаа суралцаад л явж байна. Би долоон жилийн өмнө нэг хагалгаанд орсон юм. Хагалгааны дараах Энхтүвшин, хагалгааны өмнөх Энхтүвшин 2 нэлээн өөрчлөгдсөн. Хүн яг нэг л хэвээрээ байна гэж байхгүй. Яг одоо байгаа би хэдэн дараа өөрчлөгдөөж өөр болохыг үгүйсгэхгүй. Ойрхон жишээ авахад, зарим урлагийн бүтээл таалагддаг байснаа хэсэг хугацааны дараа таалагдахаа больдог. Хэн нэгэн хүн сайн харилцаатай байж байснаа хэсэг хугацааны дараа өөр болчихдог. Энэ мэтчилэн юм байнга өөрчлөгддөг. Тиймээс нэг талаас нь харахад хэцүү. Миний хувьд ч мөн өөрчлөгдөж байгаа хувь хүн гэж хэлж болно.
Би цаг гаргаж урлаг судлах сонирхох маш дуртай. Урлаг надад өөрөөр сэтгэх, өөрчлөлтөнд бэлэн байх боломжийг олгодог
Б.Болорчимэг: Та багадаа 12 метр квадрат байранд аав ээжтэйгээ дүү нартайгаа наймуулаа амьдардаг байсан гэж өмнө нь ярьж байсан. Ийм нөхцөл байдал нь таны ажил амьдралд хичээхгүй бол болохгүйдээ гэсэн ташуур болж байсан уу?
Д.Энхтүвшин: Тухайн үедээ тэгэж бодож байгаагүй. Гэхдээ одоо эргээд бодоход зарим нэг сонголтуудыг дуртай гэхээсээ илүү хариуцлага хүлээх ёстой гэж бодож сонгож байсан санангддаг. Оюутан байхдаа аав ээжээсээ сургалтын төлбөр огтавч байгаагүй. Амралтаараа ажил хийж төлбөрөө олно, зарим жил нь тэтгэлэгт хамрагдаж таараад төлбөрөө өөрөө зохицуулж байсан. Зах зээлийн шилжилтийн дараа болохоор тухайн үед кампаниуд бас зогсонги байдалд орж байлаа. Өөрсдөө л хичээхгүй бол хэцүү үе байсан. Манай аав тэр үед группд байдаг байсан юм. Тэгсэн ч гэр бүлээ авч явахын тулд хичээж байгааг нь хараад би аав ээждээ тус болохыг боддог байсан юм. Дүү нартайгаа нийлж мантуун бууз, хоол хийж зах дээр аваачиж зардаг байсан. Хоол зарлаа гэж цагдаад хөөгдөөд л. Тухайн үед олон хүмүүс тэгж амьдардаг байсандаа.
Б.Болорчимэг: Та ярилцлагандаа өөр байхыг хичээдэг тухай их дурьдлаа. Таныг өөрөөр сэтгэхэд юу нөлөөлдөг вэ?
Д.Энхтүвшин: Урлаг юм болов уу гэж боддог. Урлаг бол байнга өөрчлөгдөж хөгжиж байдаг. Урлаг гэхээр зөвхөн хөгжим, уран зураг,баримал биш сэтгэлгээ юм. Би хөгжимд их дуртай. Байнга өөрчлөгддөг салбаруудыг их сонирхдог. Тэр нь намайг байнга өөрчлөлтөнд бэлэн байлгадаг. Урлагаас авдаг хамгийн гоё мэдрэмж нь яаж ингэж сэтгэж чаддаг байна аа гэх бодол мэдрэм. Сэтгэлгээний тэр гоо сайхан зохиолд ч бас гардаг. Миний харж чадаагүй зүйлсийг нээрээ энэ талаас нь харвал ингэж харагдах юм байна гэж боддог. Сүүлийн үед би фото зураг бас их сонирхож байгаа. Сүүлийн үеийн хүүхдүүдийн дарсан зураг, тэдний харж байгаа өнцөг их өвөрмөц. Өөр хэн , хэзээ ч тэгэж төсөөлж байгаагүй юмыг л олоод харсан байдаг.. Тэр зохиомж өнгө будаг, дүрслэл хэлбэрийг яаж ингэж илэрхийлж чадаж байна вэ? гээд их гүнзгий салбар юм шиг надад санагддаг.
Б.Болорчимэг: Энэ таны урлагийн номын сан гэж байна. Энд байгаа бүх номыг уншихсан уу та?
Д.Энхтүвшин: Бүгдийг нь уншаагүй ээ.
Б.Болорчимэг: Яагаад ийм их урлагийн ном цуглуулсан юм бэ?
Д.Энхтүвшин: Би эхлээд уран зураг сонирхдог байсан. Сүүлдээ сонирхол таашаал их үнэтэй болоод үнийг нь дийлэхээ больсон. Тэгээд урлагийг сонирхож судалдаг болсон. Судлагааны маягтай. Жишээ нь Африкийн урлагийн чиглэлээр нь задалж омог тус бүрийн онцлог, тухайн омгынхоо онцлогийг яаж илэрхийлж байгаа зэргээр нь уншиж судалдаг. Жишээ нь манай гэрт эртний Африкийн омгийн соёлын хэд хэдэн дурсгал бий. Нэг орохоороо нэг хэсэг автдаг .
Б.Болорчимэг: Тийм зав гардаг юм уу? Ерөнхийдөө ажиглаж байхад гүйцэтгэх захирлуудад цаг зав их хомс байдаг. Зарим нь гүйцэтгэх захирал жилд 20 ном уншина гэдэг бараг ажилгүй хүн тэгж их ном унших байх гэж ярьдаг шүү дээ.
Д.Энхтүвшин: Миний хувьд ерөнхийдөө нэг хэсэг завтай байсан юм л даа . Сүүлийн 2 жил гаруй хугацаанд Сингапурт байсан. Тэр хугацаанд харьцангуй ажлын ачаалал бага байлаа. Тиймээс өөр юм сонирхох зав гарсан. Тэгээд нэг дурлаад хорхойсохоор уншаад, цааш нь судлаад явчихдаг юм.
Б.Болорчимэг: MСS групп бизнесийн салбарыг хөгжүүлж байгаа том хөрнгө оруулагчдын нэг. Зарим бизнест анхлан хөрөнгө оруулалт хийж тодорхой хугацааанд хөгжүүлээд заримаас нь гараад явдаг. Ойрын хугацаанд та бүхэн гадны ямар бизнес рүү орж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Манайхан Монголынхоо зах зээлд өрсөлдөж ханалаа гээд гадагшаа боломжийг эрэлхийлж байна вэ?
Д.Энхтүвшин: Монголын зах зээл жижиг болохоор бизнесүүд тодорхой хэмжээнд хүрээд гацчихдаг. Миний харж байгаагаар ойрын хугацаанд бизнесүүд нэгдэж нийлэх процесс явагдах байх. Тус тусдаа өрсөлдөж байна гээд яваад байвал зардал их гарч хөрөнгийн урсгал ихэвчлэн гадагшаа гарчихна. Тэгэхээр бизнесүүд нэгдээд гадагшаа өрсөлдөх хэрэгтэй. MCS группийн хувьд дэлхийн хөгжлийг Монголд уриатайгаар бид олон жил ажилласан. Олон улсад хөгжиж байгаа боломжуудыг бид нутагшуулахыг зорьдог. Манай компанитай хамтарч ажилласан гадаадын олон кампани танайх олон улсад гарах болчихжээ гэдэг. Бусад кампаниас саналууд ч бас ирж байсан. Ер нь ойрын ирээдүйд гадны зах зээлд Монгол залуусын технологи болон инженерийн чадварыг гаргана гэж харж байгаа.
Б.Болорчимэг: Бид олон улсад гарч ажиллахад аль салбар илүү ойрхон байна. Юугаараа бид нар ялгарах вэ?
Д.Энхтүвшин: Одоо байгаа бизнесүүдээсээ харахад бол бид нар инженерийн чиглэл бололцоо боломж сайтай, өрсөлдөх чадвартай юм байна гэж харж байна. Манай эрчим хүчний инженерийн чиглэлийн кампаниудад боломж маш их байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд атомын цахилгаан станцаас бусдыг нь хийгээд хамтарч байна. Байгууллагуудад үнэлэгдэж байна. Тэгэхээр инженерийн чиглэлийн төслүүд рүү гадагшаа ажиллах бололцоо байгаа гэж бодож байна. Гадны кампаниуд Монголд ирж төсөл хэрэгжүүлж байна. Бид чадахгүй болохоор тэднийг дагаад л, дагалдаад явдаг байсан. Харин одоо бид өөрсдөө хийж чаддаг болсон байна. Тиймээс гадны төслүүд дээр бидний давуу тал боломж бас их байна.
Б.Болорчимэг: За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Таны ажлын туршлагаас манай залуучууд урам зориг авч, бизнесдээ зөвлөгөө болгож хэрэгжүүлнэ гэж найдаж байна Таны ажилд амжилт хүсье.