Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг УИХ шийдэх гэж байна. Тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх талаар огт ярихгүй байж 800 орчим тэрбум төгрөгөөр нэг удаа өр дарна гэж байгаа нь дараагийн сонгуульд сонгогчдоо бэлдэж хаяагаа манаж байгаа популист шийдвэр.
Харин монгол улсын нийт иргэдэд урт хугацаандаа ашигтай байх тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх цаг болсон.
Тэгвэл тэтгэврийн тогтолцоог хэзээ хэрхэн өөрчилж тэтгэврийн санг яаж иргэдэд үр өгөөжтэй болгох талаар бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
АНУ, “MCN Consulting” компанийн захирал Б.Мөнхням:
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ГЭДЭГ БОЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН БАТАЛГАА
- АНУ-ддан ганц Нийгмийн даатгалын сан гэхээсээ илүү тэтгэврийн хөрөнгө оруулалтын олон шийдэл, суваг бий. Жишээлбэл, “401 K” нэртэй хувийн тэтгэврийн сан байдаг.
- Ажилд ороход нь ажил олгогч цалингийнх нь тодорхой хувийг сар бүр тогтмол тухайн санд төвлөрүүлдэг. Ажилтан өөрөө ч төлнө. Албан байгууллага, ажилтны аль аль нь ч дангаараа сангаа хянадаггүй. Хөрөнгө оруулалтын брокер компаниар дамжуулан удирддаг. Ажлаасаа гарвал тэтгэврийн сангийн хуримтлалаа шилжүүлэн авах эрхтэй байдаг.
- АНУ-д хорин хэдтэй залуус энэ мэтээр санд тогтмол орлогоо хийгээд явбал 65 настайдаа саятан болох ч боломж нь нээлттэй. Тэтгэврийн сангийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлж болдог.
- АНУ-ын чөлөөт эдийн засаг хувийн тэтгэврийн даатгалын сангийн орлогыг дахин зах зээлд эргэлдүүлдэг. Иргэд төлсөн шимтгэлээ өөрөө хянадаг, захиран зарцуулдаг, өвлүүлж шилжүүлдэг ийм хяналтын тогтолцоог манай улсад бүрдүүлэх хэрэгтэй байна.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг
ӨНӨӨГИЙН ХУРИМТЛАЛЫН БИШ ХУВААРИЛАЛТЫН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН. ГЭХДЭЭ СОНГУУЛИЙН ЖИЛ УЧРААС БОЛГООМЖЛОЛ БАЙНА.
- Тэтгэврийн реформ хийе гэж ярьж байгаатай санал нэг байна. Гэхдээ болгоомжлол байна.
1995 онд батлагдсан хуваарилалтын тогтолцоог шинэчлэх шаардлага байгаа. Өмнө нь олон тогтолцоотой давхарга руу шилжье. Ялангуяа хувийн даатгалын тогтолцоог оруулж ирэх цаг нь болсон гэдэг байр суурьтай байна. Амжвал УИХ-ын хаврын чуулганаар оруулах бодолтой байна. Гэхдээ сонгуулийн жил учраас шинэчлэлийн асуудал барьж авахад эерэг тал бий, сөрөг ч тал бий.
- Хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэхийн Хууль эрх зүйн орчноо зайлшгүй өөрчлөх ёстой. Өнөөгийн тогтолцоо хуримтлалын биш хуваарилалтын тогтолцоонд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, та бидний төлж байгаа шимтгэлээр одоогийн тэтгэвэр авч байгаа хүмүүст тэтгэвэр олгож байгаа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх зарчмаар явж байна. Тэгэхээр, бүрэн биш юм гэхэд хагас хуримтлалын тогтолцоо руу орох ёстой. Нийгмийн даатгалын шинэчлэл хийж байж хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
“Ард Лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
ТЭТГЭВРИЙН ӨР ХҮҮХДҮҮДЭД НЬ ҮЛДДЭГ БИШ ТЭТГЭВЭР НЬ ӨВЛӨГДДӨГ БАЙХ ЁСТОЙ
1. Тэтгэврийн даатгалын санд жилд 500 тэрбум төгрөгийн алдагдал үүсч байна. Энэ бол 50 мянган өрхөд 100 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгох хэмжээний мөнгө. Төрөөс зээл тэглэх тухай ярьж байгаа нь оновчтой шийдэл гэж бодохгүй байна. Тэтгэврийн даатгалын санд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй.
2. Тэтгэврийн сан, нөгөө нь эсвэл тэтгэврийн даатгал гэж бүтээгдэхүүн бий. Шимтгэл төлөгч иргэн 60 нас хүртэл энэ тогтолцоо хуримтлалын сан хэлбэрээр ажиллах ёстой. Үүнээс хойш тэтгэврийн даатгал гэх бүтээгдэхүүн үүсэх учиртай юм. Харамсалтай нь манай улсад ийм систем огт байхгүй. Хуримтлал үүсдэггүй, хүү өгөөж тооцох зохицуулалт алга. Тэтгэвэр өвлөгддөг байх ёстой. Дээрээс нь, хүү өгөөж бодогддог байх ёстой. Хувийн тэтгэврийн сангаа хүн дараах гурван тохиолдолд хэрэглэж болдог:
- Орон сууцны урьдчилгаа болгож авч болно
- Их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үед
- Эдгэрэшгүй хүнд өвчин туссан үед
3. Жишээ нь, Сингапур улс хүн амын хувьд манай улстай оролцоо. 1965 онд тэтгэврийн сангийн тогтолцоогоо анх үүсгэж байхдаа зөвхөн боомтын орлоготой л байсан. Гэтэл өнөөдөр Сингапур томоохон үйлдвэрийг байгуулчихсан, дэлхийн банк санхүү, даатгалын гол “тоглогчдын” төвлөрсөн улс болж хөгжөөд байна. Бид энэ системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой, бас хэрэгтэй.
4. Тэтгэврийн тогтолцоо гурван тулгууртай байх ёстой. Тухайн иргэн тэтгэвэрт гарахдаа гурван эх үүсвэрээс тэтгэвэр авна гэсэн үг. Нэг нь төр өөрөө. Хоёр дахь нь ажил олгогч. Гурав дахь тулгуур нь хувийн тэтгэврийн сангууд. Бид ойрын хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчинг нэн тэргүүнд бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ эрх зүйн зохицуулалт сайн хийхгүй бол санхүүгийн зах зээлд эмх замбараагүй асуудал үүсэх эрсдэлтэй. Үүнд Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооны зохицуулалт чухал.
5. Өнөөдөр ААН, компаниуд ажилтандаа цалин өгөөд цалингийнхаа 8,5 хувь буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээ улсад шууд өгч байна. Уг нь тухайн шимтгэлийг ямар тэтгэврийн схемд оруулахаа компани өөрөө шийддэг байх ёстой. Одоогоор, манай улс тэтгэврийн тогтолцооны гурван тулгуурынхаа хоёр шатыг нь нэр төдий хэрэгжүүлж байна. Гэхдээ байгаа 2 тулгуураа төр хүчээр аваад, аль хэдийнэ нэг систем болгочихсон. Тэгэхээр нэг тулгууртай байхаас ялгаагүй. Сүүлийн 7 жил алдагдалтай ажиллаж байна. Хувийн компани 7 жил алдагдалтай ажиллавал дампуурна шүү дээ. Тэгэхээр “дампуурчихсан” тэтгэврийн даатгалын сангаа бид яаралтай өөрчлөх цаг ирсэн. 1980-аад оны залуус одооноос тэтгэвэртээ анхаарал хандуулахгүй бол тэтгэвэрт гарах үедээ өнөөдрийнхөөс хэд дахин бага тэтгэвэр авна