Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Зээл тэглэх ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзаж, цахим орчинд өрнөөд буй шүүмжлэл, эдийн засагчдын байр суурийн талаар ямар бодолтой байгааг асуулаа.
–Төрөөс Салхитын Мөнгөний Ордыг барьцаалан бонд гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэлээ. Гэтэл энэ орд төрийнх эсэх нь эргэлзээтэй. Үнэхээр лицензийн маргаан бүрэн шийдэгдчихсэн юм уу?
–УИХ-ын намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Өөрчлөлтийн нэг гол агуулга нь байгалийн баялгаас өнөө хийгээд хойч үеийнхэн хүртэх ёстой гэдэг асуудал. Энэ хүрээнд, Салхитын Мөнгөний ордыг түшиглэн бонд босгох замаар ахмадуудын тэтгэврийн зээл тэглэхээр хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Ордын эзэмшилтэй холбоотой мэдээлэл ажлын хэсэг дээр нэлээд тодорхой яригдсан. Анх БНХАУ-ын хоёр компани Салхитын мөнгөний ордыг булаацалдсан. Шүүгчдийг энэ асуудалдаа олноор татан оролцуулж, авилга өгсөн гэх асуудал ил болсон байдаг. Ингээд Засгийн газраас 2018 онд Хятадын компанийн лицензийг нь хүчингүй болгосон. Улмаар, 2019 оны зургадугаар сард “Эрдэнэс Силвер Ресурс” компанид Салхитын мөнгөний ордын лицензийг нь шилжүүлсэн. Тухайн үед Хятадын талаас Ашигт малтмал, Газрын тосны газар “хууль зөрчлөө” гэх гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг юм. Гэхдээ, Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Салхитын мөнгөний ордын лиценз нь төрийн мэдэлд байх нь зүйтэй, хуулийн дагуу шилжүүлсэн” гэх шийдвэрийг гаргасан юм билээ. Тэгэхээр лиценз тойрсон маргаан нэг талдаа гарсан гэж ойлгож болно.
–Салхитын мөнгөний ордын техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ 2019 онд гаргасан байдаг. Энэ тооцооллоор ахмадуудын зээлийг тэглэхэд ордноос босгох мөнгө хүрэлцэхгүй гэдэг нь харагддаг. Олж эхлээгүй мөнгөө яаж зарцуулах юм бэ?
–Салхитын мөнгөний ордын лицензэд бүртгэлтэй талбайн гуравны хоёрт нь хайгуул явуулж, нөөц тогтоогдсон байдаг. 800 тонн мөнгө, 1,1 тонн алтны нөөцтэй. Одоогийн ханшаар, нийт 2 их наяд төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолсон. Энэ тооцоог Монгол банк, Сангийн яам, ХНХЯ, “Эрдэнэс Монгол” компанийн хамтарсан баг гаргасан. 2 их наяд төгрөгийн орлогоос 763 тэрбум төгрөгийг нь бонд гаргаж арилжааны банканд худалдах замаар зээлийг тэглэе. Ингэхдээ, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн олборлож байгаа алт, мөнгийг Монголбанк худалдаж аваад бондоо мөнгөжүүлье гэж тооцоолсон. 5 жилийн хугацаатай, 800 тэрбум төгрөгийн бонд байх юм. Жилийн 6 хувийн хүүтэй хаалттай бонд. Өөрөөр хэлбэл, иргэдийн тэтгэврийн зээл авсан дотоодын арилжааны банкнууддаа худалдана гэсэн үг. Бонд гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргахаар ярьсан.
–Үндсэн хуульд байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах хэмээн тусгасан бий. Гэтэл зөвхөн зээлтэй ахмадуудын өрийг хаах нь ард түмнээ алагчилсан хэрэг болох биш үү?
–Энэ оны тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгаас сан бүрдүүлэх тухай тусгасан. Засгийн газар ойрын хугацаанд Баялгийн сан байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Харин өнөөдөр нэгэнт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан учраас эхний ээлжид тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ярьж байна. Өөр бас шалтгаан нь, ахмадуудын амьдрал хүнд байна. 229 мянган ахмад зээлтэй. Ихэнх нь урт хугацаагаар зээл авчихсан.
–Тэгш хуваарилсан уу гэдэгт та тодорхой хариулт өгсөнгүй?
–Бусад төрлийн зээлтэй хүмүүсийг хамруулахгүй байх нь шударга бус гэх асуудал их яригдсан. Ахмадуудын тэтгэврийг цалинтай харьцуулж болохгүй. Ахмадуудын нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэвэр бол бодит орлого гэхээс илүү амьжиргаагаа залгуулах наад захын мөнгө. Ахмадууд ядууралд өртөх эрсдэл их байна. Тиймээс эхний ээлжинд зорилтот бүлэг эрүү чиглэх ёстой гэж үзэж байгаа.
–Ахмадууд ядуу байгаа нь тэтгэвэр бага байгаатай холбоотой. Амьдралд нь хүрэлцэхүйц тэтгэвэртэй болгох бодлого барьж болоогүй юм уу?
–Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 60 орчим хувь нь доод хувь хэмжээгээр тэтгэврээ авч байгаа нь үнэн. Цаашид тэтгэврийн зөрүү арилгах бодлогыг салбарын яам ярьж байгаа. Бид нэг зүйл дээр Монгол банк болон арилжааны банкнуудтай санал нийлэхгүй байгаа. “Иргэдийг орлогоор барьцаалж зээл олгодог бүтээгдэхүүн, системээ өөрчлөөч ээ” гэх шаардлагыг сүүлийн 2 жилд тавьж ирлээ. Үр дүнд нь, тэтгэврийн зээлийг зогсоож, тэтгэврийг нь урьдчилгаа байдлаар олгодог байхаар ярьж байна. Гэхдээ энэ асуудал амар шийдэгдэхгүй. Засгийн газар, салбар яамны дур зоргоор шийдэгдэх асуудал биш.
–Зээл тэглэснээр инфляц өсөхгүй, барааны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа бий юу?
–Тэтгэврийн зээл гаргаснаараа бэлэн мөнгө зах зээлд хэвлэж нийлүүлэхгүй. Аль хэдийнэ авчихсан зээлийг, бичилт хийж тэглэж байгаа хэрэг. Тэгэхээр инфляц ийн төвшин, валютын ханшинд нөлөөлөх асуудал гарахгүй. Энэ бол бэлэн мөнгөний бус харилцаа. Төсөвт ачаалал ирэхгүй, төсвийн тодотгол хийхгүй гэж тооцож байна.
–Ахмадуудын 80 хувь нь тэтгэврээ ахуйн хэрэглээндээ зарцуулдаг. Өөртөө гэхээс илүү үр хүүхдэдээ зориулдаг гэх судалгаа гарсан. “Залхуу” залууст улам бэлэнчлэх сэтгэлгээ суулгах нь” гэдэг шүүмжлэл байна?
–Ерөнхийдөө санал нэг байна. Ахмадууд тэтгэврээрээ өнгөтэй өөдтэй хувцас аваад, тансаг хэрэглээнд зарцуулаад байгаа зүйл огт байхгүйг хэн хүнгүй л мэднэ. Хүүхдийнхээ ахуй амьжиргааг дэмжихэд л илүүчилдэг. Тэгэхээр, цаашдаа тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай буулгахад Засгийн газар анхаарч байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад тэтгэврийн зээлийн жилийн хүү 15 хувь байсан. Өнөөдөр хүү 5 хувиар буурч,10 хувь болоод байна. Харин, хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг өнгөрсөн оноос 15,6 хувь болгож бууруулсан. Тэтгэврийн зээл хамгийн бага хүүтэй хэрэглээний зээл болж байгаа юм. “Тэтгэврийн зээл боломжийн хүүтэй болохоор надад аваад өгөөч” гээд аав, ээжээ шаналгадаг нь ч олон. Тиймээс хиймэл зээлийн эрэлт үүсчихдэг. Монголчууд үхтэл үр харам гэдэг. “Өөртөө биш хүүхдэдээ өгчихсөн байна шүү дээ” гээд төр нь зээлтэй хөгшчүүлээ хайхрахгүй байх нь өрөөсгөл.
–ҮАБЗ-ийн шийдвэр гэнэтийн байлаа. Өмнө нь тантай зөвлөлдсөн үү? Эдийн засгийн бодитой шийдвэр гэж хүлээж авсан уу? Кабинетын зарчмаар ажилладаг салбарын сайдын хувьд аргагүйн эрхэнд дээрээс ирсэн шийдвэрийг хүлээж авав уу?
–Тэтгэврийг зээлийг нэг удаад тэглэх шийдвэр гарах тухай 12-р сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар сонссон. Арван хоёрдугаар сарын дундуур Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргачихсан байсан юм билээ. Би олон нийтээс нэг өдрийн өмнө л сонссон. Харин төрийн ажил хийж байгаа хүнд хувь хүний байр суурь гэж байж болохгүй.
–Ерөнхийлөгч Х.Баттулга Хаан Банкны хувийг худалдаж авах гэж байгаа учраас энэ асуудлыг ҮАБЗ-д орууллаа гэх мэдээлэл зарим сайтууд дээр тавигдлаа. Энэ талаар танд ойлголт мэдээлэлтэй байгаа юу?
–Наадах чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй таамаглал. Би өөрөө таамаглал дэвшүүлж байгаа асуудалд байр суурь илэрхийлмээргүй байна. Тийм асуудал байхгүй байлгүй дээ.