Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өргөн барилаа.
ХНХ-ын сайд С.Чинзориг уг асуудлын талаар хэлэхдээ:
-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан миний биеэр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Баасан, Бямба, Ням гээд гурван хоног Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийн төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулаад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ингээд Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан байна.
Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэвэрээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна.
Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана.
Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон юм.