Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 5.19 дүгээр зүйлийг мөн зүйлийн 14 дэх заалтын 6.26 дугаар зүйл болгон “1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ.
Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Цогзолмаа, “Хүний ёс зүйн гаргаж болохгүй хэм хэмжээг торгуулийн хэлбэрээр шийдэх нь хэр зөв бэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад эрүүгийн хуультай ялын санкцыг хэр зэрэг жишиж авч үзэж байгаа вэ гэдэг асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай” гэсэн бол Н.Оюундарь гишүүн "Төсөлд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт байсныг сая төгрөг болгосон байна. Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн.