Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 12-р сарын 31-нд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын Мөнгөн Шөнө” арга хэмжээнд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд утааг багасгах ажлыг зохион байгуулж, дорвитой, тодорхой хувиар бууруулж чадлаа. Олон жил хүлээгдсэн Налайх-Чойрын 20.9 км зам барьж, ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүллээ. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтээ боловсруулж, бэлэн болголоо. Улаанбаатар хотын бусад хүндрэлтэй олон асуудлыг шийдэх тооцоо, судалгаа бэлтгэл ажлыг хангасан ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа.
Айлчлан ирж буй 2020 он бол 1000 жилд нэг тохиодог тэгш тоотой жил. Энэ тэгш тоотой ойгоо та бүхэнтэйгээ хамтдаа угтаж байгаадаа нийслэлийн удирдлагууд бид баяртай байна. Ирж буй 2020 ондоо та бид хамтдаа хамтын хүчээр олон ажил амжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал Улаанбаатар хотын өмнө тулгамдсан замын түгжирлийг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх, нийтийн тээврийн олон төрөлт шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг хотын хөгжил дэвшилтэй холбоотой та бидний өдөр тутмйн ажил амьдралтай холбоотой олон асуудлуулыг шийдэхээр бэлтгэн, төлөвлөж байна. 2020 оноо та бид илүү бүтээлч, оюунлагаар угтанаа. Жил бүрийн энэ өдөр та бид “Улаанбаатарын Мөнгөн Шөнө” хамтдаа тэмдэглэж, шинэ оноо угтдаг сайхан уламжлалтай.
2020 ондоо та бүхэн минь гэр бүлээрээ эрүүл, амар тайван, эрч хүчээр дүүрэн ажил төрөл нь амжилт бүтээлийн дээдээр бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Шинэ он, шинэ жилийн халуун мэнд дэвшүүлье.