
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн хэвлэл мэдээллийн нэр бүхий хэрэгслүүдийг худал мэдээлэл түгээдэг хэмээн буруутгаж, Цагаан ордонд нэвтрэхийг нь хоригложээ.
Энэ тухайгаа тэрээр өнгөрсөн баасан гарагт өөрийн нийгмийн сүлжээнд, “Худал мэдээ мэдээлэл түгээдэг CNN, MS NOW, Politico зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ мөчөөс эхлэн Цагаан ордонд нэвтрэхийг хориглож буйгаа бахархалтайгаар зарлаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Трампын засаг захиргаа, АНУ-ын хийж буй ажлын тухай мэдээлэхдээ байнга зохиомол, худал зүйл бичиж мэдээлэх боломжийг олгох ёсгүй. Худал мэдээлэл түгээдэг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч мөн адил арга хэмжээ авах болно.” хэмээн бичжээ.
Ингэхдээ Ерөнхийлөгч Д.Трамп MS NOW суваг 2025 оны сүүлээр нэрээ MSNBC болгож сольсон нь тус суваг үзэгчдийн итгэлийг алдсантай холбоотой гэжээ. Нөгөө талаас статистик тооноос харвал MS NOW сувгийн рейтинг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 2025 онд рейтингийн үзүүлэлт нь тогтвортой явж байсан нь Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдэлтэй зөрчилдөж байгааг DW агентлаг онцолжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд 2025 оны 2-р сард Associated Press агентлагийг мэдээндээ Мексикийн хоолойг Америкийн хоолой гэж бичихээс татгалзсаных нь төлөө Цагаан ордонд нэвтрэхийг хориглосон билээ. AP агентлаг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх Д.Трампын засаг захиргаа редакцынх нь байр сууриас болж тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг Цагаан ордонд нэвтрэхийг хориглож болохгүй, хориглосноороо хэвлэлийн эрх чөлөөний зарчмуудыг зөрчиж байна гэж шийдвэрлэсэн юм. Үүний хариуд Д.Трампын засаг захиргаа AP агентлагт Цагаан ордонд нэвтрэхийг зөвшөөрсөн ч Зууван танхим, Ерөнхийлөгчийн Air Force One онгоцонд нэвтрэхийг хориглосон юм.
Түүнчлэн Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд анх томилогдсон цагаасаа CNN агентлагийн үйл ажиллагааг шүүмжилж, 2017 оны 1-р сард Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ CNN агентлагийн сэтгүүлч Жим Акостад асуулт асуухыг зөвшөөрөөгүйгээс гадна CNN агентлагийг “fake news” буюу худал мэдээлэл түгээгч хэмээн мэдэгдсэн билээ.










