
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараах, бусдын эрх, эрх чөлөөнд халдахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Өнөөдөр цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчийн нэрээр бусдын нэр төр, алдар хүндэд халдах, хууль бус үйлдэл хийх тохиолдол нэлээдгүй гарч байгаа юм. Үүний зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх эрсдэлтэй тулгарч байгаа нь иргэдийн дунд айдас, болгоомжлол бий болгож байна гэж үзсэн байна. ХЭҮК-ын мэдээлснээр 2025 оны арваннэгдүгээр сарын 25-наас хойш “худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр хүний нэр төрд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харин өмнөх онуудад нийт 859 гомдол, мэдээллийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
ХЭҮК: Хүний нэр төрд халдсан асуудлыг шийдвэрлэхэд тулгарч буй нэг хүндрэл нь цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчийн мэдээллийг тогтоохтой холбоотой байна. Тухайлбал, цахим орчинд хуурамч болон нэрээ нууцалсан хаягаар мэдээлэл тараасан тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг тогтоох, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс байдаг. ХЭҮК Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хүлээнэ.
Олон нийтийн сүлжээнд хяналтгүй тархаж буй, үнэн зөв нь тодорхойгүй мэдээлэл болон үүнээс үүдэн хүүхэд, иргэдийн эрх ашигт хохирол учрах эрсдэлийг бууруулахын тулд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос дараах асуудлуудыг анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
- Бусдын нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж, цахим болон бусад хэлбэрээр санаатайгаар түгээсэн хууль бус үйлдлээс иргэдээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүндэтгэх;
- Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүл зүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахгүй байх;
- Төрийн өндөр албан тушаалтан, нийтийн албан тушаал эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаа, шийдвэр, байр суурь нь олон нийтийн хяналт, шүүмжлэлд илүү нээлттэй байх зарчмыг хүлээн зөвшөөрөх;
- Төрийн албан тушаалтан болон төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах.
ХЭҮК-оос хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах шаардлага нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах үндэслэл болох ёсгүй бөгөөд эдгээр эрхийн хоорондын тэнцвэрийг хангах эрх зүйн орчин шаардлагатайг онцоллоо.










