
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бүгд найрамдах нам АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар Конгрессын дээд, доод хоёр танхимд олонхын суудлаа хадгалж чадвал түүний засаг захиргаа АНУ-ын насанд хүрсэн иргэн бүрт 5000 ам.доллар өгнө гэж амлажээ.
Тэрээр Даллас хотод өнгөрсөн лхагва гарагт болсон Бүгд найрамдах намын бага хурлын үеэр, “Бүгд найрамдах намынхан ялбал та ч бас бидэнтэй хамт ялалт байгуулж, 5000 ам.доллар авна.” хэмээн мэдэгджээ.
Associated Press агентлаг АНУ-ын насанд хүрсэн 240 сая орчим иргэдэд тус бүр 5000 ам.доллар тараахад Д.Трампын засаг захиргаанд багадаа 1 их наяд ам.доллар зарцуулах шаардлага гарах тул энэ нь эдийн засаг болон улс төрийн талаас биелэх ямар ч боломжгүй хэмээн, уг зоригтой амлалтаараа Ерөнхийлөгч Д.Трамп Бүгд найрамдах намынхны ялах боломжийг нэмэгдүүлэхийг оролдож байна гэжээ.
Түүнээс гадна AP агентлаг Бүгд найрамдах намын рейтингд Ерөнхийлөгч Д.Трампын рейтинг буурч буй нь тодорхой нөлөө үзүүлж байгааг онцолжээ.
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ирэх 11-р сарын 3-нд болох юм. Уг сонгуулиар Конгрессын доод танхимын бүх гишүүд, дээд танхимын гишүүдийн 1/3 нь сонгогдох юм. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах нам конгрессын дээд, доод танхимд олонхын суудлыг эзэлж байгаа юм.










