
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газартай холбоотой маргааны цаана ноцтой асуудал байж болзошгүй талаар шалгаж хянах хүсэлтийг Засгийн газарт гаргаад байна-
Баян Өлгий аймагт халх болон бусад ястнууд газар эзэмших нь бүү хэл газар гишгих эрхгүй болоод байгаа гэсэн шуугиан нэгэнт дэгдсэн, мэр сэр ноцтой баримтууд ч дэлгэгдэж байна.
Одоо өгүүлэх ноцтой асуудал бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газартай холбоотой чамгүй хугацаанд өрнөж буй асуудал юм. Товчхондоо бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газрыг Эвдэрсэн газрын бүртгэлд хамруулахаар хүсэлт гаргасан ч холбогдох албаныхан нь ямар нэгэн тоймтой, мэдээлэл, хариу өгдөггүй, тодорхойгүй байдал үүссээр өдгөө асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллага болон Засгийн газрын тэргүүнд хандах хэмжээнд хүрээд байгаа.
Өнгөцхөн бөгөөд товч тайлбарлахад ийм. Гэхдээ үүний цаана маш нарийн нухацтай асуудал байж болох. Эвдэрсэн газрын бүртгэл гэдэг нь өөрөө бас чамгүй асуудал дэгдээдэг хурц сэдэв. Уул уурхай, бусад асуудлаас болж эвдэж сүйдсэн газрын зэрэглэлийг тогтоож энэ бүртгэлд албан ёсоор бүртгэснээр тухайн буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх, эсвэл нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулах ёстой. Гэтэл алтыг нь аваад авдрыг нь хаясан комПаниуд нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахгүйн тулд төрийн албаныхантай үгсэн хуйвалдаж, Эвдэрсэн газрын бүртгэлд оруулахгүй саатуулах, нуух, бултуулах, эсвэл хэмжээг нь буруу тодорхойлуулах гэх мэт мафийн шинжтэй гэмээр үйлдлүүд өмнө нь гарч орон нутгийн иргэд болоод хуйвалдагчдын эсрэг бослого, тэмцэл ч гарах хэмжээний үйл явц өрнөж байсан жишээ бий. Ерөөсөө л Эвдэрсэн газрын бүртгэлд оруулна гэдэг тухайн газрыг хамгаалах эхний алхам байдаг бол нөгөө талаасаа өнөөгийн хариуцлагагүй уул уурхайн хамаг балаг яг энэ бүртгэлжүүлэх үйл явцтай холбоотой байдаг гэдгийг уул уурхайн салбарынхан болоод байгаль орчны салбарынхан халаглан ярьдаг. Тэгэхээр үүний ард маш ноцтой асуудал нуугдаж байж болзошгүй нь харагдаж байгаа биз.
Дараагийн нэг ноцтой асуудал нь “Аймаг бие даан шийдвэрлэх асуудал тул яам болон Засгийн газарт хамаарахгүй” гэж томорч байгаа гэх асуудал. Казак, монголоороо талцан хэрэлдэж, магадгүй хэрэлдүүлж байгаа энэ үед энэ үг бол казакууд төрийн албыг төрлийн алба болгож Засгийн газарт ч захирагдахгүй гэж ярих болсон гэв.
Тэд үнэхээр ингэж хэгжүүрхэж байна уу эсвэл төрийн албыг явуулж чадахгүй, бие бие рүүгээ шидэлж, хэрүүлийн алим дэгдээж байна уу, эсвэл ард нь авлига хээл, хахууль ашиг сонирхол байна уу гэдгийг одоо л чухам тогтоох ёстой. Учир нь дээр өгүүлсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газартай холбоотой зохих байгууллагуудад гаргасан албан ёсны гомдолд яг энэ үг, өгүүлбэрийг хэн хэлсэн, ийм хандлага гаргасан эсэхийг шалгаж, тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа юм.










