
Хураангуй: Хадгаламжийн даатгалын тогтолцооны ач холбогдол, олон улсын чиг хандлага хийгээд Монгол улсын Хадгаламжийн даатгалын тогтолцоо, сангийн үйл ажиллагааны цаашдын чиг хандлага, хэтийн төлөвийн талаар авч үзсэн болно.
Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо, хадгаламжийн даатгалын сан, сангийн хүрэлцээ, нөхөн төлбөрийн хэмжээ Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо International Association of Deposit Insurers (IADI-ОУХДХ), “Хадгаламжийн даатгалын үр дүнтэй тогтолцооны үндсэн зарчмууд” (Core Principles for Effective Deposit Insurance Systems),
Хадгаламж бол иргэдийн санхүүгийн аюулгүй байдлын үндэс төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүдийн нэг юм. Харин банкны системд итгэх итгэл ганхах үед хадгаламж эзэмшигчдийн зан төлөв богино хугацаанд өөрчлөгдөж, нэг банкны асуудал нийт санхүүгийн системд нөлөөлөх эрсдэлтэй. Энэ эрсдэлийг бууруулахад хадгаламжийн даатгалын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хадгаламжийн даатгал яагаад чухал вэ?
Банкны үндсэн үйл ажиллагаа нь харилцагчдаас татсан хадгаламж болон бусад эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зээл болон бусад санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хэрэглээг санхүүжүүлэхэд оршдог. Иймээс банкны салбарын тогтвортой ажиллагаа нь нийт эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой.
Гэвч банк нь өөрийн хөрөнгө болон хөрвөх чадварын тодорхой эрсдэлийг үргэлж хүлээдэг. Хэрэв банк санхүүгийн хүндрэлд орж, хадгаламж эзэмшигчдийн итгэл буурвал хадгаламжаа богино хугацаанд олноор татах үйл явц буюу (bank run) үүсэх боломжтой. Ийм нөхцөлд зөвхөн тухайн банк төдийгүй банк хоорондын итгэлцэл, төлбөр тооцоо, улмаар санхүүгийн систем бүхэлдээ эрсдэлд орох магадлал нэмэгддэг.
Тиймээс хадгаламжийн даатгал нь зөвхөн банк татан буугдсаны дараа иргэдэд нөхөн төлбөр олгодог механизм биш юм. Харин банкны салбарын итгэлцлийг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах урьдчилан сэргийлэх хамгаалалтын чухал механизм юм.
Олон улсын жишиг ба Хадгаламжийн даатгагчдын холбооны шинэчлэл
Хадгаламжийн даатгал нь зөвхөн банк татан буугдсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох механизм гэж ойлгох нь өрөөсгөл юм. Орчин үеийн санхүүгийн тогтолцоонд энэ нь банкны салбарт итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих хамгаалалтын механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна.
Зарим улс оронд банк бус санхүүгийн байгууллагууд, тухайлбал бидний сайн мэддэгээр хадгаламж, зээлийн хоршоог мөн даатгалд хамруулдаг болоод байна.
Угтаа улс орнууд хадгаламж эзэмшигчдийг хамгаалах нийтлэг зорилготой боловч хадгаламжийн даатгалын хамрах хүрээ, санхүүжилтийн механизм, нөхөн төлбөрийн зохицуулалт, даатгагч байгууллагын бүрэн эрх зэрэг нь тухайн улсын санхүүгийн тогтолцоо, хууль эрх зүй, эдийн засгийн нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байдаг.
Хүснэгт1. Улс орнуудын нөхөн төлбөрийн хэмжээ
| Улс | Нөхөн төлбөрийн дээд хэмжээ |
| Монгол Улс | 20 сая төгрөг |
| АНУ | 250,000 ам.доллар |
| Европын Холбоо | 100,000 евро |
| Их Британи | 120,000 фунт |
| Япон | 10 сая иен |
| БНСУ | 100 сая вон |
Хадгаламжийн даатгалын олон улсын стандарт, сайн туршлагыг боловсруулах үндсэн байгууллага нь Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI-ОУХДХ) юм. Энэ байгууллага нь 2002 онд байгуулагдсан бөгөөд (IADI) нь хадгаламжийн даатгалын тогтолцооны олон улсын стандарт тогтоогч байгууллагад зүй ёсоор тооцогддог. Өнөөдөр энэ байгууллага дэлхийн олон улсын хадгаламжийн даатгагчдыг нэгтгэн, бодлого, туршлага, мэдээлэл солилцох гол талбар болж байна. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар тус холбоо 115 улс, нутаг дэвсгэрийг хамарсан 107 гишүүн байгууллагатай болжээ. Манай улсын хувьд 2013 онд уг байгууллагын 72 дахь үндсэн гишүүнээр элсэн орж, өнөөдрийг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байна.
ОУХДХ-оос боловсруулсан “Хадгаламжийн даатгалын үр дүнтэй тогтолцооны үндсэн зарчмууд” (Core Principles for Effective Deposit Insurance Systems) нь улс орнуудын хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох, үнэлэх, шинэчлэхэд ашигладаг олон улсын гол жишиг юм. Эдгээр зарчмыг Олон улсын валютын сан болон Дэлхийн банк санхүүгийн салбарын үнэлгээ, техникийн туслалцааны хүрээнд ашигладаг.
Хамгийн сүүлд буюу 2025 онд Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI) хадгаламжийн даатгалын тогтолцооны үр дүнтэй байдлыг үнэлсэн. Ийнхүү Үндсэн зарчмуудыг шинэчлэн баталсан нь салбарын хөгжлийн шинэ үеийг тодорхойлсон чухал үйл явдал болсон юм. Энэхүү шинэчлэл нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2023 онд зарим улс орны банкны салбарт үүссэн хүндрэлүүдээс авсан сургамжид тулгуурлан, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хадгаламжийн даатгалын тогтолцооны гүйцэтгэх үүргийг улам тодотгосон.
Шинэчилсэн Үндсэн зарчмуудад банкыг татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хямралын үеийн арга хэмжээнд хадгаламжийн даатгагчийн оролцоо, чиг үүрэг нэмэгдэж буйг илүү тодорхой тусгасан. Түүнчлэн санхүүгийн технологийн хурдацтай хөгжил, шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой өөрчлөлтүүд болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах байгууллагуудын хоорондын уялдаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон байна.
Монгол Улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо, сангийн чадавх
Монгол Улс хадгаламжийн даатгалын тогтолцоог “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд 2013 оноос хойш хэрэгжүүлж байна.
Тус тогтолцооны үндсэн зорилго нь банкны салбарт итгэх иргэдийн итгэл, эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжихэд оршино.
Монгол Улсын тогтолцоонд арилжааны банкууд оролцож, хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын санд хураамж төлдөг. Ийнхүү арилжааны банкны оролцоотойгоор урьдчилан сан бүрдүүлж, Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан баталгаат санхүүгийн хэрэгсэлд байршуулж арвижуулдаг. Ингэснээр шаардлагатай үед даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог.
Товчхондоо банкны салбарын хэвийн үед бий болсон санхүүгийн нөөц нь хямралын үед иргэдийн хадгаламжийг хамгаалах механизмын нэг хэсэг болдог.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудад 2026 оны II улирлын байдлаар давхардсан тоогоор 14,380,874 харилцах, хадгаламжийн данс бүртгэгдсэн ба үүний 99.91% нь хадгаламжийн даатгалд хамрагдсан. Мөн давхардсан тоогоор нийт 8,688,616 харилцах, хадгаламжийн данс эзэмшигчид бүртгэгдсэнээс 99.95% нь хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан байна.
Хадгаламжийн даатгалын сан – хямралын үед ашиглах санхүүгийн нөөц
Хадгаламжийн даатгалын тогтолцооны найдвартай байдал нь зөвхөн хууль эрх зүйн зохицуулалт бус сангийн хүрэлцээ, хөрөнгийн удирдлага, нөхөн төлбөр олгох чадавх, мэдээллийн систем болон байгууллагын бэлэн байдлаас хамаардаг.
Иймээс хадгаламжийн даатгалын санг хангалттай түвшинд бүрдүүлэх нь тогтолцооны гол зорилтуудын нэг юм. Олон улсын сайн туршлагад хадгаламжийн даатгалын тогтолцоо нь хямрал үүссэний дараа эх үүсвэр хайх бус, урьдчилан санхүүжүүлсэн байх зарчмыг чухалчилдаг.
Хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээтэй байдал нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг бэхжүүлэх нэг хөшүүрэг болдог. Сангийн хүрэлцээ нь гишүүн банкуудын даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр болон санхүүгийн дэмжлэг олгоход тухайн хөрөнгө хэр хүрэлцээтэй байгаагаар тодорхойлогддог.
“Олон улсад хадгаламжийн даатгагчид нь сангийн зорилтот түвшинг тогтоохдоо хоёр жижиг, нэг дунд хэмжээний банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоход хүрэлцэхүйц байхаар тогтоодог.“
“Монгол Улсын хувьд өнөөгийн хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө нь системийн нөлөө бүхий таван банкны эрсдэлийг дангаараа бүрэн даах хэмжээнд хүрээгүй хэдий ч бусад долоон банканд санхүүгийн хүндрэл, татан буугдах үеийн эрсдэлийг даван туулах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох хэмжээний санхүүгийн чадавхыг бүрдүүлээд байна.”
Хүснэгт2. Хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээ
| Нийт харилцах, хадгаламж | 54.3 их наяд төгрөг |
| Нийт даатгагдсан хадгаламж | 11.9 их наяд төгрөг |
| Хадгаламжийн даатгалын сангийн хэмжээ | 975.4 тэрбум төгрөг |
| Сангийн хөрөнгийн нийт харилцах, хадгаламжид эзлэх хувь | 1.8 хувь |
| Сангийн хөрөнгийн нийт даатгагдсан харилцах, хадгаламжид эзлэх хувь | 8.2 хувь |
Сангийн зорилтот түвшинг цаашид эрсдэлийн түвшинтэй уялдуулан тогтоох, сангийн хөрөнгийг найдвартай, хөрвөх чадвартай байдлаар удирдах, шаардлагатай үед нөхөн төлбөрийг богино хугацаанд олгох бэлэн байдлыг хангах нь хадгаламжийн даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цахим шилжилт ба шинэ сорилтууд
Санхүүгийн технологийн хурдацтай хөгжил хадгаламжийн даатгалын тогтолцоонд шинэ боломж үүсгэхийн зэрэгцээ шинэ эрсдэл, сорилтуудыг дагуулж байна.
Өнөөдөр харилцагч банкны салбарт очихгүйгээр хэдхэн секундын дотор мөнгөн хөрөнгөө шилжүүлэх, хадгаламжаа татах боломжтой болсон. Энэ нь банкны хөрвөх чадварын эрсдэлийг илүү хурдтай илрэх нөхцөлийг бүрдүүлэв.
Нөгөө талд хиймэл оюун ухаан, үүлэн технологи, автоматжуулалт зэрэг нь хадгаламжийн даатгагчийн эрсдэлийн мониторинг, мэдээлэл боловсруулах, нөхөн төлбөр олгох хугацааг эрс богиносгох давуу талтай боловч кибер халдлага, гуравдагч талын үйлчилгээний хамаарал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг нь энэ салбарт шинэ сорилт болж байна.
ОУХДХ-оос 2026 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ дижитал эрин үед тэсвэртэй хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг тусгайлан онцолж буй нь цаг үеэ олсон алхам юм.
Тиймээс ирээдүйн хадгаламжийн даатгалын тогтолцоо нь зөвхөн “сан бүрдүүлэх” бус, өгөгдөлд суурилсан эрсдэлийн нарийвчилсан шинжилгээ, дижитал нөхөн төлбөрийн систем, кибер тэсвэртэй байдал, шуурхай мэдээлэл солилцоо зэрэг технологийн чадавхыг хөгжүүлэх шаардлагатай нүүр тулж байна.
Олон нийтийн мэдлэг-Тогтолцооны тулгуур
Хадгаламжийн даатгалын тогтолцоо хичнээн өндөр чадавхтай байсан ч иргэд ямар хадгаламж хэрхэн даатгагддаг, хэдийд нөхөн төлбөр олгогддог талаар тодорхой мэдлэггүй бол тогтолцооны үр нөлөө буурна.
Иймээс олон нийтийн мэдээлэл, санхүүгийн боловсрол нь хадгаламжийн даатгалын тогтолцооны салшгүй хэсэг юм.
Иргэдэд зөвхөн “хадгаламж даатгагдсан” гэсэн ерөнхий ойлголт өгөхөөс гадна хадгаламжийн даатгалын нөхцөл, хамрах хүрээ, нөхөн төлбөр хэзээ олгогддог, ямар нөхцөл даатгалд хамаардаггүй талаар ойлгомжтой, тогтмол мэдээлэл хүргэх шаардлагатай. Ийнхүү иргэдэд шаардлагатай мэдээллийг хүртээмжтэй хүргэснээр хадгаламжийн даатгалын тогтолцооны талаарх зөв ойлголтыг төлөвшүүлж, санхүүгийн шийдвэрээ мэдээлэлд үндэслэн гаргах боломжийг нэмэгдүүлнэ.
Олон улсын үндсэн зарчмуудад ч олон нийтэд хадгаламжийн даатгалын давуу тал болон хязгаарлалтыг ойлгомжтой, тогтмол хүргэхийг үр дүнтэй тогтолцооны нэг чухал шалгуур гэж үздэг.
Дүгнэлт
Хадгаламжийн даатгалын тогтолцоо бол зөвхөн банк татан буугдсаны дараа иргэдийн мөнгийг нөхөн төлөх механизм биш. Харин иргэдийн хадгаламжийг хамгаалах замаар банкны системд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах стратегийн ач холбогдолтой тулгуур бүтэц билээ.
Өнөөгийн нөхцөлд хадгаламжийн даатгалын тогтолцооны амжилтыг зөвхөн төвлөрүүлсэн сангийн хэмжээгээр бус харин эрсдэлийг эрт илрүүлэх, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөрийг шуурхай олгох чадавх, мэдээллийн ил тод байдал зэрэг нь тогтолцооны бодит үр нөлөөг тодорхойлно.
Дэлхийн санхүүгийн орчин өөрчлөгдөж, банкны үйлчилгээ улам цахимжиж, хадгаламж эзэмшигчдийн зан төлөв хурдацтай хувьсаж буй энэ цаг үед хадгаламжийн даатгалын тогтолцоо ч мөн адил шинэчлэгдэх нь зүйн хэрэг юм.
Хүчирхэг хадгаламжийн даатгалын тогтолцооны гол зорилго нь хямрал тохиолдсон үед ажилладаг тогтолцоо бус, хямрал тохиолдохоос өмнө итгэлцлийг бий болгож, эрсдэлийг бууруулж, шаардлагатай мөчид үүргээ шуурхай биелүүлж чаддагт оршино.










