
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн сурах эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисоос мэдээлэл хийлээ. Сурч боловсрох асуудалтай холбоотой гомдол наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын хагас хүртэл өсөх хандлагатай байна. Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн онд 1461 гомдол хүлээн авснаас 10 орчим хувь нь хүүхдийн эрхтэй холбоотой асуудал байжээ.
Хяналт шалгалт, гомдлын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа тохииолдолд хүүхдийн эрхийн асуудал ярих нь төвөгтэй. Үүнд төрийн холбогдох байгууллагууд анхаарч, тодорхой гарц шийдэл олохын зэрэгцээ хүний эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт, хүүхдийг сургуульд бүртгэхдээ эцэг эхийн хөрөнгө чинээ, өөрийн нэр дээр байртай эсэх зэрэг мэдээлэл шаардаж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлтэй. Мөн түр оршин суугаа хаягийн бүртгэлээс шалтгаалан сургуульд нь бүртгэхгүй байх тохиолдол гарч, хүүхэд хичээлийн эхний хэдэн долоо хоногт сургуульдаа хамрагдаж чадахгүй байх эрсдэл бий.
Хоёрдугаарт, хүүхдийн хувийн болон эмзэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулж байгаа тохиолдол гарч байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох нөхцөлийг нэмэгдүүлж болзошгүй.
Гуравдугаарт, хичээл сургалт жигдрэхийн хэрээр үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал дахин яригдана. ХЭҮК-оос өнгөрсөн хичээлийн жилд энэ асуудалд дүн шинжилгээ хийж, 2026 оны нэгдүгээр сард хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын сайдад тодорхой санал, шаардлага хүргүүлсэн.


ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц: Хүүхэд хамгааллын тогтолцоо үр дүнтэй хэрэгжихгүй байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, хүний нөөцийн тогтворгүй байдал, хоёрдугаарт, ялангуяа орон нутагт төсөв, санхүүгийн хүрэлцээ хангалтгүй байгаа асуудал бий. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг тогтмол давтан сургах, чадавхжуулах ажил хангалтгүй байна. Үүнээс гадна хүүхэд хамгааллын чиг үүрэг бүхий байгууллага, нэгжүүдийн уялдаа холбоо сул, мэдээллийн нэгдсэн сан хангалтгүй байгаа нь тогтолцооны үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 25 дахь илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлээр 14 заалт бүхий үүрэг, чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Тиймээс хүний нөөц, төсөв санхүү, байгууллагуудын уялдаа холбоо, дотоод хяналт шинжилгээ, үнэлгээг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж тогтвортой төсөв, санхүүжилт зайлшгүй шаардлагатай байна.
С.Бадамханд











