
Балбын онцгой байдлын аврагчид 8-р сарын 26-нд Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас Балбын “Тришули 3A” усан цахилгаан станцын хонгилд гацсан хоёр ажилтныг, амиа алдсан нэг иргэний цогцсын хамт өнгөрсөн баасан гарагт гаргаж авчээ.
Хонгил руу орох хаалганаас 170 м зайд 9 өдрийн турш гацсан Санжай Шах, Кабир Махаражан нарыг Катмандугийн эмнэлэгт шилжүүлсэн байна.
Хятад-Балбын хил дээр уулан дээрх мөсөн гол нурснаас болж үүссэн хөрсний нуралт, үерийн улмаас багадаа 1294 хүн амь үрэгдэж, 5000 гаруй хүн сураггүй болж, Балба улс 2.56 тэрбум ам.долларын хохирол амсаад байгаа билээ.
Уг байгалийн гамшигт Балбын Тришули болон Бхоте Коши голын эрэг орчмын бүс нутгууд, эдгээр гол дээр баригдсан усан цахилгаан станцууд хамгийн хүндээр өртсөн юм. Сураггүй алга болсон иргэдийн 900 орчим нь усан цахилгаан станцуудын ажилчид бөгөөд тэдгээрийн 500 орчим нь “Тришули 3А” УЦС-ын хонгилын давхар, усны шугам хоолойд гацсан байдалтай байгаа гэж Балбын эрх баригчид таамаглаж байгаа аж.
Түүнээс гадна аврагчид “Расувагади” УЦС-ын газар доорх байгууламжид гацсан 46 ажилтныг гаргаж авахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian










