
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа дараах байр суурийг илэрхийллээ.
“Өнөөдөр төсөв, санхүү, мөнгөний бодлогыг тойрсон гол асуудлыг ярья. Бүх хуулийг уландаа гишгэсэн, Монголбанкны бодлогыг хумьсан ийм төсөв, банкны бодлого сүүлийн арван жил явагдаад байна. Зөвхөн тоо ярих биш, 2-3 зүйл дээр сэтгүүлчид мөрдөж ажиллаасай гэж хүсэж байна.
Монгол Улсын эдийн засгийг зохицуулдаг, Үндсэн хуулиар олгосон үүрэг хүлээсэн хэдэн байгууллага бий. Сангийн яам бол жил болгон эргэж сонгогдох гэж маш их төсвийн зарлагыг нийгмийн харилцааны чиглэлээр тэлж байна.
Орлогоо олшруулах нь дээр. Засгийн газар үндсэн ажлаа хийж чадахгүй байна. Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол зүйл бол НДШ, НӨАТ хоёр л болчихлоо. НДШ татварын хэмжээнд хүрч байна. Энэ хэмжээгээрээ иргэдээ, ААН-ээ сөхрүүлээд, тэд нарын олсон орлогыг аваад буцааж орлого болгоно. Энэ орлогоо ашиглаж байгаа зүйл нь эргээд эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулагдахгүй байгаа нь бүх тоонуудаар илэрхийлэгдэж байна. Эдийн засгийг төрөлжүүлэх үндсэн ажлаа хийж чадахгүй байна.
Энэ бол экспортын орлогын 98 хувь нь уул уурхайн хоёрхон бүтээгдэхүүнээс л хамаатай. Энэ бүтээгдэхүүний үнэ унах, авдаг нэг зах зээл хаагдахад манай улсын төсвийн орлого 0 болно.
Эндээс юу хэлэх вэ гэвэл, Засгийн газар нь төсвийнхөө бодлогыг зөв хийж чадахгүй байна. Засгийн газрын энэ төсвийн тэлэлтийн бодлогод хяналт тавьдаг Төв банк нь ажлаа хийхгүй байна. Төв банкны тухай хуулийн 28-р зүйл дээр Төв банкны Ерөнхийлөгч төсөв тэлж, инфляц, эрэлтийг бий болгох төсвийн нийлүүлэлт бий болбол хүлээн зөвшөөрөхгүй байх эрх хуулиар олгогдсон байдаг. Энэ хуулийг сүүлд өөрчлөөд, Төв банкны Ерөнхийлөгч зөвлөх эрхтэй байсныг саналаа хэлэх эрхтэй болгосон байгаа.
Төв банкийг яах гэж УИХ-ын харьяанд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институц болгож байгуулсан бэ гэвэл, төсвийн энэ 4 жилийн хугацаатай Засгийн газрын хэт амбиц, мөнгө зарцуулах болгоныг татаж, хумих гэж л Төв банкийг бие дааж, УИХ-ын харьяанд байгуулдаг. Харамсалтай нь энэ байгууллага унтчихжээ. Ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна, ажллуулахгүй байна.
Саяхан зурагтаар ярьж байсан байгууллагын мөнгөний бодлогын дарга нь төсвийн тодотгол өргөн баригдаж байгааг сая л мэдлээ, араас нь инфляцынхаа тооцооллын тохируулгыг хийх гээд сууж байна. Энэ бол системийн гажуудал хэр хэмжээнд хүрснийг харуулж байна.
Эдийн засагт нэг их наяд төгрөг нийлүүлэхэд 0.2-ийн эрэлтийн функцийг нэмдэг. Энэ хэмжээгээр инфляц нэг хувиар өсдөг ийм онолын тооцооллууд байдаг. Тэгэхээр өнөөдрийн 13 хувийн инфляц он гараад 15, 16 руу хүрэх нөхцөл, эрсдэл бүрдээд байна.
Засгийн газар үүнийг тооцоолохгүй хийж байгаа гэж бодохгүй байна. Энэ бол зөвхөн 2027 оны сонгуультай холбоотой, сонгуулийг төсөв гэж л харахаас өөр аргагүй байгаа.
Тэгэхээр төсвийн тодотгол өнгөрсөн жилийн төсвийн сахилга, хариуцлагагүй байдлаас үүдэн дараа жилийнхээ төсвийг урьдчилж авч, идэж, өр тавьсны төлөөсийг төлөх гэж байгаа, зүгээр нягтлан бодох төсвийн бүртгэлд хийх гэж байгаа тодотгол гэж хатуугаар хэлж байна.
Яагаад гэвэл энэ жилийнхээ, 2026 оныхоо төсвийн орлогыг олоогүй байж өнгөрсөн жил, 2025 ондоо зээлээд өр болгоод ашиглачихсан. Түүнийгээ одоо төсвөөр тодотгож байж нягтлан бодох бүртгэлдээ бичиж, балансаа тэнцүүлэхгүй ийм л нөхцөл байдалд орчихсон байгаа.
Манай улсын бодлого бол иймэрхүү хэмжээнд явж байна.
Үндэсний баялгийн санг яах гэж байгуулсан бэ гэвэл, уул уурхайгаас хамааралтай, эмзэг Монгол Улсын хувьд олж байгаа үед нь тэтгэх тийм л зорилготой үндэсний санг бүх улс байгуулдаг. Харамсалтай нь өнөөдөр олж байгаа үедээ, бизнесийн мөчлөг сайн байгаа үед хуримтлуулахгүй, бүгдийг нь зарах гээд, одоо бүх төрийн өмчит байгууллагынхаа ногдол ашгийн орлогыг авчраад яаж хуваарилах вэ гэж ард түмний дунд тодорхойгүй хаяж өгч өөл явж байгаа.
Дараа нь “Та нарын хүссэнээр зарцуулсан” гэж өөрийгөө л хамгаалах гэж, эсвэл Ардчилсан нам шахаад байгаа учраас төсвөөс цалинг нэмэхийн эсрэг байна гэдэг улс төрийн PR хийх ийм өчүүхэн үйлдэл гэж би мэргэжлийн хүний хувьд үнэлж байна” гэв.










