
Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багтай өнөөдөр уулзаж, охины ар гэрт үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцаж шийдвэрлэлээ.
Охиныг эрэн хайх үйл явцаас эхлээд өнөөдрийг хүртэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг арга зүйгээр хангаж, тухайн гэр бүлд үйлчилгээгээ үзүүлсээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон. Харин ах, дүү нарынх нь хичээл номыг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамиртай уулзаж шийдлээ.
Одоогоор амиа алдсан охины аав ээж, ах эгч, дүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд, тогтоворгүй байна. Тиймээс уй гашуугийн үеийн сэтгэл зүйн үйлчилгээний төрлөөр мэргэшсэн ОУ-ын сэтгэл зүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулахаар төлөвлөсөн. Манай агентлагаас мөн холбогдох мэргэжилтнүүд очиж шаардлагатай дэмжлэг, үйлчилгээгээ үзүүлж ажиллана.
Тухайн гэр бүлийн ЕБС-ийн насны хүүхдүүдийн хичээлийн жилд шаардлагатай хувцас хэрэгслийг бэлдэж өгөхөөс гадна, нийгмийн хариуцлагын хүрээнд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдад талархал илэрхийлж орон нутагт очиж ажиллахад шаардлагатай үйл ажиллагааны зардалд зохих дэмжлэг үзүүлэх болно.


Харин олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх цор ганц зүйл бол хүүхдийн хувийн мэдээлэлд маш хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандаж өгөхийг хүсэж байна. Үүнд хайхрамжгүй хандснаас болж үүсэх ирээдүйн хор уршиг асар их байдаг.
Бид хүүхдийн сайн сайхан, амар амгалангийн төлөө ажилладаг. Тиймээс цаашид энэ хүнд цаг үеийг бага ч болов дээр байдлаар даван туулж чадна гэдэгт гэдэгт итгэж байна. Охины гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.










