
Жилээс жилд орлого, зарлага нь өсөж, огцом “таргалсан” сүүлийн 5 жилийн /2021-2026/ төсөв задлан хийж харцгаая.
Төсөв өссөн. Гэхдээ төсвийн өсөлт эдийн засгийн өсөлтөөсөө илүү хурдтай явжээ.

– 2021 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 12.7 их наяд төгрөг байсан бол 2025 онд 30.3 их наяд төгрөг болж, ойролцоогоор 2.4 дахин өссөн байна.
Харин зарлага 15.6 их наядаас 31.3 их наяд төгрөг болж, мөн хоёр дахин нэмэгджээ.
Гэхдээ энэ хугацаанд эдийн засаг 2.4 дахин өссөнгүй.
– 2021 онд 1.6 хувийн өсөлттэй байсан эдийн засаг
– 2022 онд 5,
– 2023 онд 7.2 хувьд хүрч,
– 2024 онд 5 орчим хувь,
– 2025 онд 5.1 орчим хувийн өсөлттэй байв.
Өөрөөр хэлбэл, улсын төсвийн тэлэлт эдийн засгийн бодит өсөлтөөсөө хавьгүй хурдан байна.
2022 оны нүүрсний үнийн огцом өсөлт төсөвт “амьсгал” өгсөн
Дээрх хүснэгтийн хамгийн сонирхолтой хэсэг нь нүүрсний үнэ.
2022 онд Австралийн жишиг нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 344.9 ам.доллар хүрсэн. Энэ нь 2021 оны 138.1 ам.доллараас хоёр дахин гаруй өндөр үзүүлэлт.
Тэр жил Монголын төсвийн орлого 17.1 их наяд төгрөгт хүрсэн ч төсөв алдагдалтай хэвээр байв.
2023 онд нүүрсний үнэ 172.8 ам.доллар болж буурсан ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрч, төсөв 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь нүүрсний экспортын биет хэмжээ, уул уурхайн орлогын өсөлт төсөвт ямар хүчтэй нөлөөлдгийг харуулна.
Харин 2024 онд нүүрсний үнэ 136.1 ам.доллар, 2025 онд ойролцоогоор 110 ам.доллар болсон ч төсвийн орлого 29.7–30.3 их наяд төгрөгийн түвшинд хадгалагджээ.
Монголын төсөв зөвхөн түүхий эдийн үнийн өсөлтөөр биш, нүүрсийг их хэмжээгээр экспортлох, зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх, татварын бааз тэлэх замаар орлогоо өсгөж байна гэж дүгнэж болох юм.
Гэхдээ энэ бол төсвийн эрсдэлийг арилсан гэсэн үг биш.
2026 онд орлого нэмэгдсэн ч алдагдал улам томорч байна
2026 оны батлагдсан төсөвт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд, нийт зарлагыг ойролцоогоор 33 их наяд төгрөгөөр тооцож, 1.38 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан.
Гэтэл одоо өргөн мэдүүлсэн тодотголын төсөлд орлого 31.9 их наяд болж ердөө 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боловч зарлага 34 их наяд болж, алдагдал 2 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Энд төсвийн гол зөрчил харагдаж байна.
Орлого 300 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлага 1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, алдагдал 600 гаруй тэрбум төгрөгөөр тэлж байна.
Тодотголын төслөөр 1.4 их наяд төгрөгийн зардлыг бууруулсан гэж Засгийн газар тайлбарлаж байгаа ч эцсийн дүнд нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд гаруй төгрөг болсон.
Үүний зэрэгцээ орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрх нээж, нийт зардал болон алдагдлыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зохицуулалт тусгасан байна.
Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага төсвийн дарамтыг нэмэгдүүлж байна
Тодотголын төслийн цаана зөвхөн “илүү мөнгө зарцуулах” асуудал байхгүй. Нийгмийн бодит дарамт төсөв дээр ирж байна.
Төсөлд 2026 оны арваннэгдүгээр сараас суурь тэтгэврийг олгоход 196.3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэхэд 166.3 тэрбум төгрөг, боловсролын салбарын цалингийн дутуу санхүүжилтэд 674.5 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөжээ.
Мөн хүнсний нөөцөд 150 тэрбум, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөг тусгасан байна.
Энэ бол төсвийн зарлага яагаад буурахгүй байгааг тайлбарлах нэг шалтгаан мөн.
Бас нэг шалтгаан нь Монгол Улс төсвийн орлогоо уул уурхайн мөчлөгөөс хангалттай салгаж чадаагүй хэвээр байна.
Төсвийн тоонуудыг зургаан жилийн дарааллаар харвал нэг зүйл маш тодорхой харагдана.
2021 онд 12.7 их наяд төгрөг байсан төсвийн орлого 2026 онд 31.9 их наяд болж байна. Гэхдээ орлого 2.5 дахин өссөн ч төсвийн алдагдал арилсангүй.
2023 онд л төсөв ашигтай гарсан.
Өөрөөр хэлбэл Монгол Улс орлого өсөх бүрд зарлагаа дагуулан өсгөж, уул уурхайн орлого нэмэгдэх үед төсвийн цар хүрээг тэлдэг, харин түүхий эдийн мөчлөг буурахад алдагдалтай үлддэг бүтэцтэй хэвээр байна.
Тиймээс УИХ- аар одоо хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотголыг зөвхөн “1.4 их наяд төгрөг хэмнэж байна” гэж харвал андуурсан болно.










