
Монгол Улсын үе үеийн Засгийн газар сонгууль болох жилийн төсвийг өмнөх жил нь батлуулахдаа иргэдийн нийгмиийн баталгаа, төрийн албан хаагчийн цалинг нэмж, ахмадын тэтгэвэр, хөнгөлөлт гэх үгсээр халхавчилж, үнэндээ “сонгууль”-ийн төсөв баталдаг нь энэ удаад ч Н.Учралын Засгийн газар дээр давтагдлаа.
2027 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахад баримталсан Үзэл баримтлалаар,
“иргэдийн бодит орлого, нийгмийн баталгааг хамгаалах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төвлөрсөн зарим чиг үүргийг төсвийн хамт орон нутагт шилжүүлж, төвлөрлийг сааруулахад чиглүүлнэ. Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эрчим хүч, зам, логистикийн хүртээмжийг сайжруулж, төрийн бүтээмж, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэн, ипотекийн зээлийн хүртээмжийг өргөжүүлнэ. Төсвийн зарцуулалт бүрийг хэрэгцээ, бэлэн байдал, үр өгөөжөөр эрэмбэлж, улсын төсвийг хувийн хэвшил, орон нутаг, гадаад зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болгон ашиглахын зэрэгцээ төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хадгална” гэсэн байна.
Төсвийн төслийг харвал,
2027 оны төсвийн хамгийн том асуулт нь төр хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх вэ гэдэгт биш, 43 их наяд төгрөгийн зарлага эдийн засаг болон иргэдэд ямар бодит өгөөж авчрах вэ гэдэгт байна.
Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 40.7 их наяд, нийт зарлагыг 43.0 их наяд төгрөгөөр тооцжээ. Ингэснээр төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцэж, хуулиар зөвшөөрөгдөх дээд хязгаарт яг тулж очиж байгаа үзүүлэлт юм.
Тоон дээрээ бол хууль зөрчөөгүй. Гэхдээ асуудал энд дуусахгүй.
Учир нь төсөв хуульд нийцэж байгаа эсэхээс илүүтэйгээр төрийн зарцуулж буй 43 их наяд төгрөг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх үү, эсвэл жил бүрийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд уусах уу гэдэг нь илүү чухал.
43 их наяд төгрөг зарцуулахад иргэд юу авах вэ?
Төсөв томрох тусам төрийн хариуцлага ч томорно.
2027 онд боловсролын салбарт нийт 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий 356 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнээс 1.4 их наяд төгрөгийг тухайн онд санхүүжүүлэхээр тусгажээ. Эрүүл мэндийн салбарт нийт 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй 165 төсөл төлөвлөж, 2027 онд 414.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тооцсон байна.
Эдгээр нь мэдээж хэрэгцээтэй хөрөнгө оруулалт.
Гэхдээ “хэдэн төсөл хэрэгжүүлэх вэ” гэдэг нь төсвийн амжилтын хэмжүүр биш. Харин хэд нь хугацаандаа ашиглалтад орох вэ, хэд нь бодит үр өгөөж өгөх вэ, хэдэн төгрөгийн зардлыг ирээдүйд хэмнэх вэ гэдэг нь жинхэнэ шалгуур.
Монголын төсвийн хамгийн архаг асуудлын нэг нь мөнгө төсөвлөхдөө бус, төсөвлөсөн мөнгийг үр ашигтай зарцуулахдаа байдаг.
Тиймээс 2027 оны төсвийг зөвхөн зарлагын хэмжээгээр бус, нэг төгрөгийн зарлага хэдэн төгрөгийн эдийн засгийн болон нийгмийн өгөөж бий болгох вэ гэдгээр нь хэмжих ёстой.
Орлого нь уул уурхайгаас учраас зарлага нь баталгаатай
2027 оны төсвийн орлогын төсөөлөл эдийн засгийн өсөлт, уул уурхайн экспортын нөхцөлтэй шууд холбоотой.
Төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 10,249.9 ам.доллар, нүүрснийхийг 125.4 ам.доллар байхаар тооцжээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын төсвийн орлого дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, экспортын биет хэмжээ, тэр дундаа уул уурхайн салбарын гүйцэтгэлээс өндөр хамааралтай хэвээр байна.
Төсвийн баримт бичигт 2027 онд эдийн засаг 5.8 хувиар өсөхөөр тооцжээ. Уул уурхайн салбарын төсөөлөлд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Ингээд харахад Монголын төсвийн уламжлалт эмзэг байдал өөрчлөгдөөгүй.
Орлого олох талдаа зах зээлийн нөхцөлөөс хамааралтай, харин зарлага гаргах талдаа төрийн олон арван тогтмол үүрэгтэй.
Уул уурхайн үнэ өсвөл төсөв амьсгална. Үнэ буувал төсөв дагаад хүндэрнэ. Энэ бол тогтвортой төсвийн бүтэц биш, түүхий эдийн мөчлөгт мэдрэмтгий төсвийн бүтэц юм.
25 хувийн мөнгөний өсөлт ба 7.2 хувийн инфляц
2027 оны төсвийн өөр нэг анхаарал татах тоо бол мөнгөний нийлүүлэлт.
Төсвийн баримт бичигт мөнгөний нийлүүлэлт 2027 онд 25 хувиар өсөхөөр тооцжээ. Харин инфляцыг 7.2 хувь байхаар төсөөлсөн байна. 2028 онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 19.5 хувь, 2029 онд 17.1 хувь байхаар тооцжээ.
Эндээс эдийн засгийн бодлогын нэг том асуулт гарч ирнэ.
Мөнгөний нийлүүлэлт 25 хувиар өсөх нөхцөлд инфляцыг 7.2 хувьд барихын тулд эдийн засгийн бодит үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүтээмж ямар хэмжээнд өсөх ёстой вэ?
Төсвийн өөрийн баримт бичигт хүртэл мөнгөний нийлүүлэлт, зээлийн тэлэлт, инфляцын хооронд Монгол Улсад бодит уялдаа байгааг тэмдэглэсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг эдийн засгийн бодит өсөлт болон инфляцын зорилттой уялдуулах нь макро эдийн засгийн тогтвортой байдлын чухал нөхцөл гэж үзжээ.
Тиймээс 25 хувийн мөнгөний өсөлт, 7.2 хувийн инфляцын төсөөлөл хоорондоо хэрхэн нийцэж байгаа нь 2027 оны төсвийн хамгийн чухал асуултуудын нэг.
Өр 6.1 их наядаар нэмэгдэх төсөөлөл
Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 2027 онд Засгийн газар гадаад хөнгөлөлттэй зээл болон дотоодын үнэт цаасны эх үүсвэр ашиглахаар төлөвлөжээ.
Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2027 онд 49.6 хувь байхаар тооцогдсон. Хуулийн дээд хязгаар 60 хувь. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд байгаа ч өрийн хэмжээ дээд хязгаарт нэлээд ойртож байна.
Энд бас нэг чухал зүйл бий.
Өр ДНБ-ий 60 хувьд хүрээгүй гэдэг нь өрийн асуудалгүй гэсэн үг биш.
Өрийн хэмжээ өсөхийн хэрээр түүнийг төлөх хүү, үндсэн төлбөрийн дарамт нэмэгдэнэ. Төсвийн орлогын тодорхой хэсэг ирээдүйд сургууль, эмнэлэг, дэд бүтцэд биш, өмнө нь авсан өрийн төлбөрт зарцуулагдах эрсдэлтэй.
Тиймээс “өрийн хуулийн хязгаарт багтаж байна” гэдэг тайлбар дангаараа хангалттай биш.
Гол асуулт нь, Шинээр бий болгож буй өр нь өөрийгөө нөхөх хэмжээний эдийн засгийн өгөөж бий болгож чадах уу?
Хэрэв чадахгүй бол өрийн хэмжээ хуулийн хязгаарт багтаж байсан ч төсвийн ирээдүйн орон зайг хумина.









