
Өмнө нь иргэд “Цалингаас цалингийн хооронд амьдарч байна” хэмээн ярьдаг байсан бол өдгөө өдөр тутмын хэрэгцээгээ зээлээр зохицуулах шаардлагатай болсноо хэлж байна. Хоол хүнс, эмчилгээ, сургалтын төлбөр, хүүхдийн хичээлийн хэрэгсэлд цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй учраас зээл авахаас өөр аргагүй байдалд ордог талаар тэд ярив.
Дөрвөн хүүхдийн ээж Т.Долгорсүрэнгийн гурван хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, нэг хүүхэд нь цэцэрлэгт сурдаг. Тэрбээр хүүхдүүдийнхээ хэрэгцээг зээлээр зохицуулж буйгаа хэлсэн юм.
Т.Долгорсүрэн “Би дөрвөн хүүхэдтэй. Гурав нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдийнхээ хэрэгцээг зээлээр л зохицуулж байна. Хамгийн сүүлд хичээлийн хэрэгсэл авахын тулд зээл авсан” гэв.
Харин өөр нэг иргэн монголчууд байр, автомашинтай болохын төлөө ажиллаж, олсон орлогынхоо тодорхой хэсгийг зээлийн төлбөрт зарцуулж байгааг онцлов. Мөн цалингийн болон автомашины зэрэг хоёр, гурван зээл төлдөг иргэд ч байлаа.


Сурвалжилгын үеэр иргэдийн зарим нь цалин бууснаас хойш 15-20 хоногийн дотор дуусдаг бол заримд нь зээлийн төлөлтөө хийсний дараа өдөр тутмын хэрэглээнд зарцуулах багахан мөнгө үлддэг талаар ярьсан юм. Бараа, бүтээгдэхүүний үнэ жил бүр нэмэгдэж байгаа нь өрхийн хэрэглээнд дарамт болж, дахин зээл авахад хүргэдэг гэж тэд үзэж байна.
Ахмад настнуудын хувьд тэтгэврийн мөнгөний дийлэнх нь зээл, тогтмол төлбөр болон өдөр тутмын хэрэглээнд зарцуулагддаг аж. Сарын амьдралаа үр хүүхдийнхээ тусламжтай зохицуулдаг бөгөөд дан ганц тэтгэврийн мөнгөөр амьдрахад хүндрэлтэй байдгийг тэд хэлэв.
Иргэд нэг зээлээ төлөөд дахин зээл авах, өмнөх өрөө шинэ зээлээр нөхөх тохиолдол байдгийг мөн ярьсан юм. Энэ нь тэдний хүссэн сонголт бус, авч буй цалин, тэтгэвэр нь зайлшгүй хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлав.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар арилжааны банкуудын нийт зээлийн үлдэгдэл 49 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувь, өмнөх сараас гурван бүхэл зургаан хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт зээлийн хоёр бүхэл таван хувийг анхаарал хандуулах зээл, таван хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Ипотекийн зээлийн үлдэгдэл 12.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар нэмэгджээ. Тайлант сард 1,916 зээлдэгчид нийт 316.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос хөтөлбөрийн хүрээнд 572 зээлдэгчид 81 тэрбум төгрөг олгосон байна.
Банкны нийт зээлийн статистикт иргэдийн хэрэглээний болон ипотекийн зээлээс гадна аж ахуйн нэгжийн зээл багтдаг. Харин сурвалжилгад оролцсон иргэд цалин, тэтгэвэр нь өдөр тутмын хэрэглээнд хүрэлцэхгүй үед зээл авч, өмнөх зээлээ төлсний дараа дахин зээл авах шаардлага үүсдэг талаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.
М.Солонго
Видео:











