
Дэлхийн Усны Түншлэлийн байгууллагын албан ёсны цахим хуудаст Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Ази-Номхон далайн бүсийн Усны нөөц, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалтын дээд түвшний зөвлөлийн тусгай элчээр томилсон тухай өчигдөр буюу /8.26/-нд нийтлэгджээ.
Тус сайтад нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.
Дэлхийн Усны Түншлэлийн байгууллагын Шведийн Стокгольм хотноо зохион байгуулж буй Усны хөрөнгө оруулалт ба эдийн засгийн дипломат харилцааны олон улсын элч төлөөлөгчдийн анхдугаар форумын үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Дэлхийн Усны Түншлэлийн байгууллагын манлайлагч, Ази-Номхон далайн бүсийн Усны нөөц, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалтын дээд түвшний зөвлөлийн тусгай элчээр томилжээ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг тусгай элчээр томилсон нь Ази-Номхон далайн бүс нутагт өдрөөс өдөрт хурцдаж буй усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад өндөр түвшний улс төрийн удирдлагуудыг татан оролцуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал алхам болж буйг Дэлхийн Усны Түншлэлийн байгууллага онцолжээ.
Тусгай элчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ, “Ус бол манай дэлхий болон дэлхийн энх тайван, аюулгүй байдлын амин судас юм. Бид газар нутгаа хамгаалахын тулд усны эх үүсвэр, нөөц баялгаа хамгаалах ёстой.” хэмээн мэдэгджээ.
2021-2025 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Л.Оюун-Эрдэнэ улсынхаа усны аюулгүй байдлыг хамгаалах тал дээр хэд хэдэн чухал зорилтуудыг тавьж ажилласан ба үүнд уул уурхайн салбарт усны зохистой хэрэглээг нэвтрүүлэх, 2030 он гэхэд Монголын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, уур амьсгалын өөрчлөлт малчдын нүүдэлчин ахуйд нөлөөлөх нөлөөллийг тооцон үзэж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг багтах аж.
Ази-Номхон далайн бүсийн Усны нөөц, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалтын дээд түвшний зөвлөл нь Ази-Номхон далайг бүс нутгийн Усны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд улс орнуудаас 2030 он гэхэд усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүддээ 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох зорилт тавиад байгаа аж. Уг мөнгөн дүнг Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан тооцооллын үндсэн дээр гаргасан ба Дэлхийн Усны Түншлэлийн байгууллага Ази-Номхон далайн бүсийн Усны нөөц, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалтын дээд түвшний зөвлөлөө 2026 оны 12-р сард Абу Дабид болох НҮБ-ын Усны чуулганаар албан ёсоор танилцуулах аж.
Дэлхийн Усны Түншлэлийн байгууллагын тэргүүн Пабло Бересиартуа, “Л.Оюун-Эрдэнэ төрийн тэргүүний хувиар олон улсад итгэл хүлээсэн, усны хомсдлын асуудлыг шийдвэрлэж байсан туршлагатай нэгэн юм. Түүний томилгоо нь улс төрийн удирдлагуудыг татан оролцуулах, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хамгийн ихээр тулгараад буй Ази-Номхон далайн бүс нутагт зориулж хөрөнгө оруулалт босгоход чухал ач холбогдолтой юм.
Тэрбээр орон нутгийн болон олон улсын түвшинд зохион байгуулагдах улс төр, эдийн засгийн чуулга уулзалтуудад оролцож, Ази-Номхон далайн бүс нутгийн усны төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах ажлыг хийж, Африкийн, Ази-Номхон далайн болон Өмнөдийн бүс нутгууд хоорондоо усны нөөцийн хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийн талаар туршлага судлахад чухал нөлөө үзүүлнэ. Түүний томилгоо 2030 оны 12-р сарын 31-нд дуусгавар болно.” гэжээ.


Ази-Номхон далайн бүсийн Усны нөөц, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалтын дээд түвшний зөвлөлийн нээлтэд Африк, Ази-Номхон далай, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн 28 улсын элч төлөөлөгчид оролцсон нь усны болон эдийн засгийн түншлэлд олон улс анхаарлаа хандуулах болсныг илтгэж байна хэмээн Дэлхийн Усны Түншлэлийн байгууллага онцолжээ.
Эх сурвалж: Дэлхийн Усны Түншлэлийн байгууллага









