
Сонгинохайрхан дүүргийн 20 хорооны хашааны үүднээсээ эхлээд онцгойрох нэгэн айлд зочиллоо.
Гэрийн эзнийг М.Заяат гэх бөгөөд хашаандаа хэрхэн сайхан амьдарч болохыг үлгэрлэн хашаагаа тохижуулжээ.
М.Заяат 2005 онд хүүхдүүдээ хөдөлмөрч болгохын тулд өөрөө удирдагч байх хэрэгтэйг ойлгоод хоёр айлын газар аваад мод тарьж, байшингаа барьж амьдарчээ.
Ингэхдээ 5 үхрийн нүд, 10 чацарганын мод тарьж эхэлжээ. Дараа нь 2012 онд мод тарьж амьдаръя гэж шийдсэн. Ингээд 7-8 айлын газар авч уулын энгэрт мод тарьсан.
Тэрбээр хашаандаа алим, слив, чацаргана, үхрийн нүд, монос, нохойн хошуу, аньс зэрэг 600 гаруй жимс болон олон төрлийн 2000 модыг тарьж ургуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлжээ.
Ингээд зогсохгүй хашаандаа явган зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, усан оргилуур, савлуур, хүүхдийн тоглоомын талбай зэргийг орчин үеийн шийдлээр хийжээ. Хашааны гадна талдаа ч мод тарьж эргэн тойрноо ая тухтай байхад анхаарсан байна. Хойд уулын энгэр халцгай байхад тэднийх нов ногоон байгаа нь анзаарагдсан юм.
М.Заяат 60 гарч байгаа бөгөөд мод тарих нь хүний амьдралд аз жаргал, баяр баясгалан нэмдэг бөгөөд энэ нь ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн ярина.


Энэ талаараа М.Заяат “Байгальтайгаа харьцаж амьдарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй гоё. Мод гэдэг өөрт болон хүмүүст баяр баясгалан нэмдэг. Мод тарьсан хүмүүсийн амьдрал өөр байдаг гэдгийг анзаарсан. Хоёр, гуравхан мод тарихад хүн баясчихдаг юм билээ. Түүнээсээ эрч хүч авдаг болчихдог юм шиг санагдсан. Мод тарьснаар би ирээдүйдээ маш том хөрөнгө үлдээж байгаа гэж ойлгодог. Байшинг сарын дагуу барьчихна, харин модыг 5-10 жил тарина.
Хөрсөндөө 3-5 жил болсон модыг хэн ч сугалж авч чадахгүй, арчилгаа айхтар шаардахгүй ургачихдаг болчихдог. Олон жил усалгаа хийсний үр дүнд ургамлаа гоё болгоно, зэрлэг ургахаа болино. Үр хүүхдүүдээ ажилтай болгоно. Хүүхдүүдтэйгээ хамтдаа энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн. Хүүхдүүдээ оройн цагаар, амралтаар өдөр ажилд туслуулахаар дуудна. Энэ бол бидний хамтын бүтээл. Бүтээн байгуулалтаа хийхийн тулд сар бүр хүүхдүүдээсээ 200 мянган төгрөг хураана.
Дараа жилийн бүтээн байгуулалтаа төлөвлөнө. Маш их мөнгөтэйдөө бүтээн байгуулалт хийдэггүй. Барилгын хаягдал материалыг зүй зохистой ашиглаж жишээлбэл би явган хүний замын асуудлаа шийдсэн. Хүнд сэтгэл, зүтгэл байхад болохгүй зүйл гэж байдаггүй юм билээ. Ач, зээ нар маань ч эмээгийн ажилд тусалдаг даа.
Би уламжлалтын эмч мэргэжилтэй. Хөл, гар, нуруу өвддөггүй, даралт ихсэх ч гэж мэдэхгүй. Ер нь эрүүл байя гэвэл мод, арчилж ургуулаарай. Заавал хөдөлгөөн хийе гээд их мөнгө зарлагдах шаардлагагүй. Одоо хашаагаа илүү гоё болгоно, 70 насныхаа төрсөн өдрөөр ногоон төгөлтэй болно” гэсэн юм.
















