
Хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, нийгмийн сүлжээний платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд санаачлан, боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад буй.
Уг хуулийн төсөл нь өмнө зохицуулагдаагүй орчныг эрх ззүйн хувьд зохицуулах анхдагч хуулийн төсөл юм.
Уг хуулийн төслийг танилцуулья.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хориглохоос илүүтэй нас, хөгжлийн онцлогт нь тохирсон технологийн хамгаалалт бий болгоход чиглэжээ.
Төслийн хамгийн анхаарал татах зохицуулалтын нэг нь 13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглах, бүртгэл үүсгэхээс хязгаарлах юм.
Харин 13-16 насны хүүхдийн хувьд нийгмийн сүлжээг бүрэн хориглохгүй. Үүний оронд эцэг эхийн хяналт, хувийн мэдээллийн хамгаалалт, хортой контентын шүүлтүүр зэрэг технологийн хамгаалалтыг заавал хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэ насны босгыг хүүхдийн тархи, танин мэдэхүй, өөрийгөө хянах болон эрсдэлийг үнэлэх чадвар бүрэн төлөвшөөгүй байдагтай холбон тайлбарласан байна. Мөн лайк, шэйр, хязгааргүй гүйлгэх, алгоритмын санал болголт зэрэг донтуулах шинжтэй платформын загварт бага насны хүүхэд илүү өртөмтгий байдаг учраас гэж хуулийн төслийн сулаачид дүгнэжээ.
Зарим нэг судалгааны дүнг харуулъя:
- Монголын өсвөр үе, залуусын цахим дээрэлхэлтэд өртсөн – 51%+
- Монголын сурагчдын цахим дээрэлхэлтэд өртсөн – 17.7%
- Дэлхийн өсвөр үеийнхний problematic social media use-ийн шинжтэй – 11%
- 2025 оны эцсийн байдлаар Монголын интернетийн нэвтрэлт – 83%
- 2025 онд 11 улсад AI ашиглан бэлгийн шинжтэй deepfake-д өртсөн хүүхдийн тоо – 1.2 сая
Монголд хүүхдийн цахим хэрэглээ аль хэдийн өргөн хүрээнд хүрсэн боловч эрсдэл нь зөвхөн “хэт их утас ашиглах” асуудлаар хязгаарлагдахгүй болжээ. Цахим дээрэлхэлт, алгоритмын донтуулагч загвар, хувийн мэдээллийн алдагдал, танихгүй этгээдийн дарамт, grooming, хортой контент, цаашлаад AI deepfake хүртэл хүүхдийн аюулгүй байдлын асуудал болж байна.
Тэгвэл 13-16 насныханд ямар хязгаарлалт тавих вэ?
Хуулийн төсөлд 13-16 насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг аюулгүй болгохын тулд хэд хэдэн хамгаалалтын механизмыг заавал хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Үүнд:
- Эцэг эх, асран хамгаалагчийн хяналтын боломжтой байх
- Хүүхдийн хувийн мэдээлэл, байршлын нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах
- Хүүхдэд хориотой болон хортой контентын харагдац, түгээлтийг хязгаарлах
- Алгоритмын санал болголтын эрсдэлийг бууруулах
- Танихгүй хэрэглэгчтэй харилцах боломжийг хязгаарлах
- Шууд дамжуулалтын боломжийг хязгаарлах
- Мэдээлэх, гомдол гаргах, агуулгыг хаах технологийн механизм бий болгох
- Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бусад хамгаалалтыг хэрэгжүүлэх
Эдгээрийг платформын үйл ажиллагааны загварт анхнаас нь шингээх буюу “safety-by-design” зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Платформууд хүүхдийн насыг баталгаажуулна
Хуулийн төсөлд нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүүхдийн насыг баталгаажуулах тогтолцоог хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгасан байна.
Ингэхдээ нас баталгаажуулах зорилгоор ашигласан мэдээллийг нэн даруй устгах, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглохоор заажээ. Энэ нь хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой чухал зохицуулалт болохыг төсөлд тайлбарласан байна.
Мөн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид нас баталгаажуулах үйл ажиллагаанд хамтран ажиллах бөгөөд насны бүлгийн өгөгдлийг тухайн хүнийг таних боломжгүй хэлбэрээр дамжуулах зохицуулалт тусгажээ.
Харин бүх нийгмийн сүлжээг хүүхдэд ижил хэмжээний эрсдэлтэй гэж үзэхгүй байх зарчмыг баримталжээ.
Тухайн платформын хэрэглэгчийн цар хүрээ, системийн загварчлал, контентын шинж, хэрэглэгч хоорондын шууд харилцаа, мэдээлэл түгээх механизм зэрэг үзүүлэлтээр эрсдэлийг үнэлнэ.
Үүний үндсэн дээр хүүхдэд өндөр эрсдэлтэй үйлчилгээг “зохицуулалттай нийгмийн сүлжээ” ангилалд оруулж, нэмэлт хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Эцэг эхийн үүрэг ч нэмэгдэнэ
Хуулийн төсөл зөвхөн төр болон платформуудад үүрэг хүлээлгэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг мөн тодорхой болгожээ.
Тухайлбал, эцэг эх хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, хүүхдэд цахим орчны аюулгүй хэрэглээний боловсрол олгох, parental control болон 18+ контентын шүүлтүүр ашиглах, хүүхдийн хэрэглээнд хяналт тавих, хүүхдийн эрх зөрчигдсөн болон хортой контентыг мэдээлэх үүрэгтэй байхаар тусгасан байна.
Түүнчлэн Боловсролын байгууллагууд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад нийгмийн сүлжээний эрсдэл, аюулгүй хэрэглээ, хувийн мэдээллийн хамгаалалтын талаар мэдлэг олгох урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн сургалтын үйл ажиллагааны үеэр зөвшөөрөгдсөнөөс бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зохицуулалт оруулсан байна.
Хуулийн төсөлд хүүхдийн цахим аюулгүй байдлыг нэг байгууллага дангаар хариуцах бус, цахим хөгжил, боловсрол, хүүхэд хамгаалал, харилцаа холбооны салбарууд хамтран хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн байгууллага бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах бол боловсролын асуудал эрхэлсэн байгууллага сургуулийн орчин дахь аюулгүй хэрэглээний бодлого, сургалтын хөтөлбөрт цахим аюулгүй байдлын агуулгыг тусгах чиг үүрэгтэй байна.
Харин хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага урьдчилан сэргийлэх сургалт, цахим ур чадварын хөтөлбөр хэрэгжүүлэх, эрсдэлийн судалгаа хийх, цахим орчинд эрх нь зөрчигдсөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ.
Хууль зөрчсөн платформд торгууль ногдуулна
Хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төсөл боловсруулжээ.
Тодруулбал, 13 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэсэн тохиолдолд насны хязгаартай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт тусгахаар санал болгосон байна.
Ингэснээр платформууд хүүхдийн насыг шалгах, насны хязгаар мөрдүүлэх, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хөшүүрэг бий болно гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.
Хуулийн төслийн гол онцлог нь хүүхдийг нийгмийн сүлжээнээс бүхэлд нь тусгаарлах бус, насанд нь тохирсон хамгаалалт бий болгохыг зорьсон аж.
13-16 насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хориглох нь мэдээлэл авах, боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн оролцоонд оролцох, бусадтай харилцах эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс насны хатуу хоригийн оронд платформын аюулгүй загварчлал, алгоритмын эрсдэлийг бууруулах, эцэг эхийн оролцоо, сэтгэл зүйн дэмжлэг, цахим боловсролыг хамтад нь хэрэгжүүлэх “эрсдэлд суурилсан, тэнцвэртэй зохицуулалт”-ыг хуулийн төсөлд гол чиглэл болгожээ.
Хэрэв хууль батлагдвал Монгол Улсад хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг зөвхөн эцэг эхийн хяналт бус, төр, сургууль, харилцаа холбооны оператор, нийгмийн сүлжээний платформ болон хэрэглэгчдийн хамтын хариуцлагын тогтолцоогоор хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болох юм.










Би аран хоёртоо 13 нас хэндэн сарын дараа хүрэн тгд яаах юм