
Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Засгийн газар “төр бүсээ чангална” гэж зарлаж, 2026 оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэхээр УИХ-д өргөн мэдүүлэв.
Өнгөц харвал төр үрэлгэн зардлаа танаж, иргэдийн өмнө хариуцлага хүлээж эхэлж байгаа мэт.
Гэвч тоонуудыг зэрэгцүүлээд харвал байдал өөрөөр харагдаж байна.
– 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт үнэхээр “бүсээ чангалсан” хэмжээ мөн үү?
Учир нь 2026 оны долдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд, нийт зарлага 19.5 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнө баталсан хэмжээнээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл төр 1.4 их наяд төгрөг хэмнэж байгаа ч төсвийн цоорхой арилахгүй.
Бүр тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн тодотголын дараа 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, нийт зарлага 34 их наяд, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцжээ.
Тэгэхээр “1.4 их наяд төгрөг хэмнэнэ” гэдэг нь төсвийг алдагдалгүй болгож байгаа хэрэг биш.
– “Бүсээ чангална” гэдэг нь яг юуг хэлж байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг танилцуулахдаа томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц шатахуун, цаасны зардлыг танана гэж мэдэгдсэн.
Төсвийн тодотголын 1.4 их наядын хэмнэлтийг задлавал урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөг хэмнэхээр тооцсон байна.
Эндээс нэг чухал зүйл харагдана.
1.4 их наядын хэмнэлт бүхэлдээ төрийн үрэлгэн хэрэглээг танаснаас бий болж байгаа зүйл биш. Хэмнэлтийн хамгийн том хэсэг болох 758 тэрбум төгрөг нь нийслэлийн үнэт цаастай холбоотой. Харин урсгал зардлын бодит таналт 433 тэрбум төгрөг байна. Тиймээс “төр 1.4 их наядаар бүсээ чангаллаа” гэх улс төрийн мессежийг тоон бүтцээс нь салгаж харах боломжгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалан үүнийг өөр өнцгөөс шүүмжилсэн.
Тэрээр төсвийн алдагдлыг бүрэн арилгах шаардлага тавьсан ч Засгийн газар 1.4 их наядын зардал танахаар оруулж ирсэн нь хангалтгүй гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр эхний хагас жилийн байдлаар улсын төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан тул “төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгаж тодотголоо оруулж ирэх”-ийг шаардаж байгаа юм.
Гэхдээ энд сөрөг хүчний байр суурийг ч мөн шүүмжлэлгүйгээр хүлээж авах боломжгүй. Алдагдлыг тэглэх нь өөрөө сайн төсөв гэсэн үг биш.
Хэрэв алдагдлыг тэглэхийн тулд сургууль, эмнэлэг, эрчим хүч, дэд бүтцийн зайлшгүй хөрөнгө оруулалтыг танавал богино хугацаанд төсвийн тоо сайжирч болох ч эдийн засгийн суурь асуудал улам хүндрэх эрсдэлтэй.
Та бидний гол анхаарах асуудал бол “1.4 их наяд хангалттай юу, үгүй юу” гэдгээс илүү яг ямар зардлыг танаж, ямар зардлыг үлдээж байна вэ гэдэг дээр төвлөрөх ёстой.
– Хамгийн том асуудал нь инфляц
Монголын эдийн засгийн өнөөгийн хамгийн том дарамтын нэг нь төсвийн алдагдал дангаараа биш, инфляц.
Монголбанкнаас мэдээлснээр 2026 оны долдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 13 хувь болсон. Үүнээс дотоодын хүнсний үнийн өсөлт 6.5 нэгж хувь, шатахуун 1.2 нэгж хувь, төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүн 0.8 нэгж хувийг тус тус бүрдүүлжээ. Суурь инфляц мөн 6.9 хувьд хүрсэн байна.
Энэ бол эдийн засагт “Улаан гэрэл” анивчиж байгаа дохио.
Учир нь инфляц зөвхөн мах, гурил, шатахууны үнэ өссөн тухай асуудал биш. Шатахууны үнийн өсөлт тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний өртгөөр дамжин бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна гэж Монголбанк анхааруулсан. Энэ нь иргэдийн орлого нэмэгдсэн ч үнэ нь түүнээс хурдан өсч, бодит орлого буурч байгааг илэрхийлнэ.
Төрийн хувьд “цалин, тэтгэвэр нэмсэн” гэж тайлагнах боломжтой. Харин иргэний хувьд дэлгүүрт очоод өмнө нь 100 мянган төгрөгөөр авдаг байсан зүйлээ 120 мянгаар авч байгаа бол тэр нэмэгдэл орлого бодит амьдрал дээр хоосон болж байна.
– Засгийн газар зөвхөн танах бус, мөн мөнгө зарцуулна
Энд төсвийн тодотголын бас нэг зөрчил харагдана.
Нэг талаас төр зардлаа танаж байна. Нөгөө талаас тодотголоор шинэ зардлуудыг санхүүжүүлэх шаардлага үүссэн.
Тухайлбал,
- 2026 оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн.
- Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцжээ.
- Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг,
- Эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ.
Эдгээрээс харахад төсвийн тодотголыг зөвхөн “таналт” гэж ойлгох нь өрөөсгөл. Засгийн газар нэг гараараа танаж, нөгөө гараараа шинэ зардал гаргаж байна.
Энэ нь эдийн засгийн хямралын үед зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байж болох ч түүний санхүүгийн эх үүсвэр, тогтвортой байдал хамгийн том асуулт хэвээр байна.
– Төсвийн орлого яагаад тасрав?
Энэ асуулт бүр ч чухал.


Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ам нээх бүртээ эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, орлого тасарсан шалтгааныг зөвхөн гадаад орчин, шатахуун, инфляцтай холбож тайлбарлаж байна. Үнэндээ Засгийн газар 2025 оны сүүлд 2026 оны төсвөө батлуулахад гадаад орчин ийм байх нь тодорхой байхад төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төлөвлөсөн нь өнөөдөр “хагарч” байгаа болохоос гэнэтхэн бий болчихсон асуудал огт биш гэдгийг ойлгох ёстой.
2026 оны эхний хагасын байдлаар төсвийн нийт орлого, тусламж 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна. Тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 10.7 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл төсвийн орлого огт өсөөгүй учраас өнөөгийн асуудал үүссэн гэж хэлэхэд хангалтгүй.
Төрийн үрэлгэн хэрэглээг танах нь зөв. Гэхдээ энэ нь өнгөрсөн хугацаанд төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын сонголт, төрийн өмчит компаниудын үр ашиг, орлогын хэт өөдрөг төсөөлөл зэрэг системийн асуудлыг орлох хариулт биш.
– 2.8 их наядын “сул мөнгө” бас байна
Төсвийн тодотголын хүрээнд анхаарал татах өөр нэг тоо бий. Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн гэж Засгийн газар мэдээлсэн. Үүнээс 998 тэрбум төгрөгийг 2026 онд зарцуулах эрхийг нээхээр төсөлд тусгажээ.
Иргэдэд хэрэгтэй хөрөнгө оруулалт, үйлчилгээ санхүүжилтгүй байна гэж ярьж байгаа атлаа яагаад 2.8 их наяд төгрөгийн орон нутгийн төсвийн үлдэгдэл ашиглагдалгүй хуримтлагдсан бэ? гэх асуулт гарч ирж байна.
Төсвийн асуудал зөвхөн “мөнгө байхгүй” гэдэг асуудал биш. Зарим тохиолдолд мөнгийг хэрхэн төлөвлөж, хаана байршуулж, ямар зорилгоор зарцуулах вэ гэдэг асуудал байдаг.
– “Бүсээ чангалах” нь иргэдэд биш, төрд хамаатай
Монголбанк инфляцын зорилтот түвшинг 6 хувь гэж тогтоосон байхад өнөөдөр инфляц 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт зорилтот түвшнээсээ хоёр дахин өндөр ийм нөхцөлд “төр бүсээ чангаллаа” гэж хэлэхэд хангалтгүй. Төр бүсээ чангалах биш, төсвийн сахилга баттай болох ёстой.
Учир нь өнөөдрийн 1.4 их наядын хэмнэлт бол улс төрийн хувьд том тоо мэт харагдаж болох ч 2 их наядын алдагдалтай төсөв, 13 хувийн инфляцтай эдийн засагт энэ нь эцсийн шийдэл биш.
Харин эхлэл болно.
Гэхдээ тэр эхлэл нь дараагийн төсөвт дахин үрэлгэн зардал нэмэхгүй, орлогыг бодитой төлөвлөж, төрийн өмчит компаниудын өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, иргэдийн бодит орлогыг хамгаалсан шинэ төсвийн сахилга бат болж чадсан цагт л “бүсээ чангалсан” гэх үг утгатай болно.
Эс бөгөөс “бүсээ чангална” гэсэн улс төрийн уриа нь иргэдэд хэмнэлт шаардаж байгаа хэрнээ төр өөрөө алдагдалтай хэвээр үлддэг хуучин тогтолцооны шинэ нэр төдий болж үлдэнэ.









