
Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, ногоон орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй бизнест урт хугацааны санхүүжилт олгох “Монголын ногоон санхүүгийн корпорац” үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Тус корпорацын эхний санхүүжилтийн багц 49.654 сая ам.доллар байх юм.
COP17 хурлын дөрөв дэх өдөр “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум-2026”-аар эхэлж, форумын үеэр “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ын нээлтийг хийв.
Тус корпорацыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлээр байгуулжээ. Тодруулбал, Уур амьсгалын ногоон сан, ХасБанк, Зээлийн батлан даалтын сан, Монгол Улсын Хөгжлийн банк болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институти хамтран оролцсон байна.
Корпорац нь иргэд, аж ахуйн нэгжид шууд зээл олгохгүй. Харин банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан байгальд ээлтэй төсөл, бизнест урт хугацааны эх үүсвэр нийлүүлэх үндэсний механизм болж ажиллана.
Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд дараах чиглэлд илүү урт хугацаатай, хүртээмжтэй санхүүжилтийн бүтээгдэхүүн санал болгох боломж нэмэгдэх юм. Үүнд:
- Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт;
- Эрчим хүчний хэмнэлт;
- Хүртээмжтэй ногоон орон сууц;
- Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үр ашиг;
- Бага нүүрстөрөгчийн технологи;
- Эмэгтэй бизнес эрхлэгчид;
- Бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилт багтжээ.
Корпорацын батлагдсан суурь санхүүжилтийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас 26.654 сая ам.доллар, Монголын талын хамтарсан санхүүжилтээр 23 сая ам.доллар гаргахаар төлөвлөсөн байна. Ингэснээр нийт санхүүжилтийн багц 49.654 сая ам.долларт хүрэх юм.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал байгалийн нөөцийг эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахдаа зөвхөн өнөөдрийн ашиг бус, ирээдүй үеийн эрх ашгийг дунд болон урт хугацаанд тооцох шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ыг COP17-ын үеэр нээж байгаа нь уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит хөрөнгө оруулалт, хэрэгжих боломжтой төсөл болгох Монгол Улсын эрмэлзлийн илэрхийлэл гэв.
Мөн тус корпорац эрчим хүчний хэмнэлттэй, бага нүүрстөрөгчийн технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон бизнесийг урт хугацааны санхүүжилтээр дэмжих, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чухал суваг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд улсын төсөв болон олон улсын хөгжлийн санхүүжилт дангаараа хүрэлцэхгүй байгааг хэлэв. Иймээс хувийн хөрөнгө оруулалт, холимог санхүүжилт, эрсдэлийг хуваалцах механизм зэрэг санхүүгийн олон хэрэгслийг зөв хослуулах шаардлагатайг онцолсон юм.
“COP17 хурлын дараа энд өрнөсөн яриа бодит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, үр дүн болон үргэлжлэх нь хамгийн чухал” гэж тэрбээр хэллээ.
Монгол Улс байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, цөлжилтийг бууруулахад шаардлага хангасан хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшилд татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Мөн нүүрстөрөгчийн зах зээл, нүүрстөрөгчийн кредитийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог хөгжүүлснээр төр, хувийн хэвшил, олон улсын санхүүжилтийг нэг дор төвлөрүүлэх суурь тавигдаж буйг форумын үеэр онцоллоо.
Ийнхүү “Монголын ногоон санхүүгийн корпорац” байгуулагдсанаар байгальд ээлтэй санаа, төслийг зөвхөн бодлогын баримт бичигт үлдээх бус, урт хугацааны бодит санхүүжилттэй холбох шинэ боломж нээгдэж байна.











