
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийж, эдийн засгийн нөхцөл байдал болон 2026 оны улсын төсвийн тодотголын талаар танилцууллаа.
Тэрбээр сүүлийн үед үнийн өсөлт эрчимжиж, түлш, шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхийн зэрэгцээ цалин, орлого болон тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурч буйг онцоллоо.
Мөн бизнесийн өртөг, зардал нэмэгдэж, ашиг орлого буурсан. Уул уурхай, нүүрсний салбарын үйл ажиллагаа харьцангуй тогтвортой байгаа хэдий ч өсөлтийг инфляц шингээж, худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, орлого буурч байгааг мэдээлэв.
Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байгаа аж. Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөгт хүрсэн байна.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд импортын ачилт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлыг Монгол Улс дангаараа өөрчлөх боломжгүй тул дотооддоо иргэдийн орлого, худалдан авах чадвар, эрчим хүчний найдвартай байдлыг хамгаалах шаардлагатайг онцолсон юм.
Төр зардлаа танана
2026 оны улсын төсвийн тодотголд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийн тулд төр өөрөө зардлаа танаж, хэмнэлт хийхээр тусгасан гэлээ.
Тухайлбал, төрийн байгууллагуудын томилолт, сургалт, сурталчилгаа, шагнал урамшуулал, хурал форум, шатахуун болон илүүц бичиг цаасны зардлыг бууруулах арга хэмжээ авчээ.
Ингэснээр нийт 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр төсөвт тодотгол оруулж байгаа бөгөөд үүнд:
- Урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг
- Нийслэлийн үнэт цааснаас 758.0 тэрбум төгрөг
- Хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг тус тус хэмнэхээр тооцсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал төр өөрөө “бүсээ чангалж”, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлого, худалдан авах чадварыг хамгаалах болон нэн шаардлагатай салбарт зарцуулах нь төсвийн тодотголын гол зорилго гэдгийг онцоллоо.
Видео үзэх:









