
Төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн тэвчиж болох зардлыг бууруулна. 2026 оны төсвийн тодотголоор төрийн тэвчиж болох зардал буюу гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцжээ.
Харин ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд 435 мянган ахмад настанд оны сүүлийн хоёр сард сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах зорилгоор энэ оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг тусгажээ.
Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр тооцсон байна. Нийслэлд суралцаж буй хүүхдүүдийн боловсролын орчныг сайжруулах хүрээнд хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд нийслэлийн сурагчдын 80 хувь нь 30-аас доош хүүхдийн анги дүүргэлттэй сургуульд сурах боломжтой болно гэж тооцоолсон байна.
Үнийн өсөлтөөс өрхийн төсвийг хамгаалах хүрээнд мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг тусгажээ. Мөн импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр болсон байна. Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, нийт зарлага 34.0 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Харин төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр байна.









