
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна [email protected] и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 150150 тусгай дугаарт давхардсан тоогоор 1634 иргэнээс санал, хүсэлт ирээд байна.
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг хэрхэн ашиглах талаар нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг тусгайлан ажиллаж буй багийнхан хүлээн авч, нийслэлийн холбогдох 22 удирдлагад шуурхай хуваарилан хүргэж байна. Тав хоногийн дараа хариу мэдээллийг хүргэх болно. Иргэдээс “150150 тусгай дугаар руу залгахаар дуудлага хүлээж авахгүй байна” гэх санал цөөнгүй ирж байна. Тусгай дугаар нь гаднаас дуудлага хүлээн авахгүй, зөвхөн мессежээр үнэ төлбөргүй хандах боломжтой. Энэ нь иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг эргэх холбоотой, нотлох баримттай, хариуцах тодорхой эзэнтэй байлгах зорилготой юм. Хоёрдугаарт, санал, хүсэлтээ илгээхдээ тухайн мэдээлж буй газрын хаяг, байршил, асуудлыг тодорхой бичээрэй. Тодорхойгүй зурвасыг нарийвчлан тодруулж, иргэнтэй эргэн холбогдоход цаг хугацаа алдахаас гадна шийдвэрлэлтийн хугацаа уртасна” гэлээ.









