
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хэлэлцүүлгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,000,000 төгрөг, нэг цагт 5,952.3 төгрөг байхаар талууд нэгдсэн шийдэлд хүрлээ.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх 792,000 төгрөгөөс 208,000 төгрөгөөр буюу 26.3 хувиар нэмэгдэж байна.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажиллагчдын цалин хөлсийг инфляц, үнийн өсөлт болон амьжиргааны хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж ирсэн бөгөөд энэхүү шийдвэрийг ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, орлого, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шинэчилсэнтэй холбоотойгоор 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах ХХОАТ-ын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор болжээ.
Өөрөөр хэлбэл, нийт ажилтан, албан хаагчийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэг сая төгрөгт ногдох 100,000 төгрөгийн татварыг хөнгөлөх боломж бүрдэх юм. Ингэснээр ажилтан сард 100,000 жилд 1.2 сая төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.
Энэ нь зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэдэд бус, нийт ажилтан, албан хаагчдад хамаарах дэмжлэг болохыг МҮЭХ онцолж байна.
Монгол Улсад 1.4 сая орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. 2025 оны эхний хагаст нэрлэсэн дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрсэн хэдий ч бага цалинтай ажиллагчдын орлого, амьжиргааны баталгааг сайжруулах шаардлага хэвээр байгаа аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бага орлоготой ажиллагчдын худалдан авах чадвар сайжирч, өрхийн эдийн засагт шууд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нэмэгдсэн орлого хэрэглээгээр дамжин худалдаа, үйлчилгээ болон дотоодын эдийн засгийн идэвхийг дэмжих боломжтой.
Мөн цалингийн суурь нэмэгдэхийн хэрээр нийгмийн даатгал болон татварын орлогын суурь өргөжих эерэг нөлөөтэй. 2025 оны эхний хагаст НДШ-ийн орлого өмнөх оны мөн үеэс 22 хувь, ХХОАТ-ын орлого 13.2 хувиар өссөн нь цалин, хөдөлмөр эрхлэлт төсвийн орлоготой шууд холбоотойг харуулж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажсан хамгийн доод хязгаар юм. Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үнэлэх ёсгүй.
Иймд мэргэжил, ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлага шаардсан ажилтны цалин нэг сая төгрөгөөс өндөр байх учиртай.
Түүнчлэн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая төгрөг болсон нь бүх салбарын цалин ижил хэмжээнд тогтоогдоно гэсэн үг биш. Салбарын үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчид хамтын хэлэлцээрээр улсын ХХДХ-ээс өндөр салбарын доод цалинг тогтоох боломжтой.
Тухайлбал, улсын ХХДХ-ийг 1.2 дахин тооцвол 1.2 сая, 1.5 дахин тооцвол 1.5 сая, хоёр дахин тооцвол хоёр сая төгрөгийн салбарын доод цалин тогтоох үндэс бүрдэх юм.
МҮЭХ цаашид шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагууд бүрэн мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, салбар болон байгууллагын цалингийн шатлал, сүлжээг шинэчлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэсэн нь бага орлоготой ажиллагчдын цалин, өрхийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, “ажилтай ядуурал”-ыг бууруулахад чиглэж байна.









