
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гарган суллажээ.
Түүнийг наймдугаар сарын 21-нийг хүртэл цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан ч ийнхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн байна.
Т.Даваадалайг өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 27-ны хооронд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Мөн төрсөн дүү, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалайтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Т.Даваадалайн хэрэгт шүүхээс өмнө нь нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар мэдээлж байсан.









