
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд элсэх эрхээ авсан боловч Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн санхүүжилтээ авч чадаагүй оюутнуудын төлөөлөл болон тэдний ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.
Тус асуудлаар 2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан бөгөөд Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шаардлага хангасан ч хяналтын нөөцөд үлдсэн 60 оюутны ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийсэн байна.
Үүнд бакалаврын түвшний 40, магистрын түвшний 20 суралцагч багтаж байгаа аж.
Тэдний зүгээс хүүхдүүд олон жилийн турш хичээл зүтгэл гаргаж, дэлхийн нэр хүндтэй сургуулиудад суралцах эрх авсан ч санхүүжилтийн асуудал тодорхойгүй байгаа нь сургуулийнхаа элсэлтийг эцэслэн баталгаажуулахад хүндрэл учруулж байгааг онцоллоо.
Мөн сургалтын төлбөрөө тогтоосон хугацаанд төлж чадахгүй тохиолдолд тухайн оюутнуудын элсэх эрх цуцлагдах, улмаар олон жилийн хөдөлмөрийн үр дүн талаар болох эрсдэлтэй байгааг хэлэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хяналтын тоо болон шаардлагатай төсвийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд улмаар Засгийн газар 2026 онд 250 дугаар тогтоол гаргасан байна.
Гэвч уг шийдвэрт асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгах чиглэл өгсөн нь энэ онд сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа 60 оюутны асуудлыг шууд шийдвэрлэх бодит баталгаа болж чадахгүй байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэллээ.
Тиймээс хяналтын нөөцөд бүртгэлтэй байгаа 60 суралцагчийн сургалтын төлбөрийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх Засгийн газрын шийдвэрийг наймдугаар сарын 15-ны дотор гаргахыг шаардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал шийдвэр гаргах хүртэл суулт зарлахаа мэдэгдлээ.
Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн захидалдаа:
“Намайг Анхбаярын Тулга гэдэг. Би Канад улсын Бритиш Колумбын Их Сургуулийн цахилгааны инженерийн 2 дугаар түвшний оюутан бөгөөд нэгдүгээр курсийн бүх хичээлээ А үнэлгээтэй төгссөн. Өнгөрсөн жил би Боловсролын Зээлийн сангийн шаардлагыг бүрэн хангаж байсан ч сонгон шалгаруулалтын асуудлаас болоод санхүүжилт авч чадаагүй. Тухайн үед эцэг эх маань бүх боломжоо дайчлан намайг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангасан. Энэ жил тавигдсан шаардлагыг бүрэн хангаж Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлд хүсэлт гарган нөөц жагсаалтад багтсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байна. Харин манай сургуулийн намрын улирлын хичээл удахгүй эхэлнэ. Иймд төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй бол суралцах боломжгүй болох юм. Энэ нь зөвхөн миний асуудал биш харин Монгол улс ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх төрийн бодлогод итгэсэн олон залуусын асуудал юм” гэж бичжээ.







