
Увс аймгийн Наранбулаг суманд аялагч, иргэдэд зориулсан түр амрах зогсоолыг шинээр байгуулж, орон нутагт хүлээлгэн өгчээ. Тус байгууламж нь зөвхөн замын дагуух түр амрах цэгээр хязгаарлагдахгүй бөгөөд Наранбулаг сумын газар зүйн онцлог, түүх, соёл, байгалийн дурсгалт газар болон аялал жуулчлалын боломжийг танилцуулсан мэдээллийн хэсэгтэй аж.

Мөн сумын түүхэн хөгжил, онцлог, аялагчдын зорин очиж болох газар, үзэж сонирхох зүйлсийн талаарх мэдээллийг монгол болон англи хэлээр байршуулсан байна. Ингэснээр тухайн суманд зорин ирсэн дотоодын аялагчид төдийгүй гадаадын жуулчид орон нутгийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтыг Наранбулаг сумын уугуул, УИХ-ын гишүүн Ганбаатарын аавын нэрэмжит “Жамбал сан”-гийн хөрөнгөөр хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн байна.
Тус сангийн зүгээс уг хөрөнгө оруулалт нь улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд төрөлх нутагтаа олон жилийн турш үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт хийх зорилготой байсан талаар мэдээлжээ. Зам дагуух түр амрах зогсоолыг аялал жуулчлалын мэдээлэлтэй хослуулсан энэхүү шийдэл нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж болохоор байна. Монгол Улсын хэмжээнд аймаг, сумдыг холбосон авто замын сүлжээ өргөжиж байгаа энэ үед аялагчдад зориулсан түр амрах цэг, мэдээллийн төвийг нэмэгдүүлэх шаардлага бий.


Ялангуяа тухайн орон нутгийн түүх, соёл, байгаль, аялал жуулчлалын онцлогийг замын дагуух мэдээллийн цэгээр дамжуулан хүргэх нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих нэг хэлбэр болох боломжтой. Одоогоор олон аймаг, сум аялал жуулчлалын онцлогоо сурталчлахдаа угтах хаалга зэрэг байгууламжид түлхүү анхаарч байгаа бол Наранбулаг сумын энэхүү шийдэл нь аялагчдад шууд хэрэгцээтэй мэдээлэл, амрах орчныг нэг дор бүрдүүлсэнээрээ онцлог байна.




Цаашид ийм төрлийн бүтээн байгуулалтыг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлж, аймаг, сум бүрийн онцлогт нийцсэн мэдээллийн төв, түр амрах зогсоолыг авто замын дагуу байгуулах нь аялал жуулчлалын дэд бүтэц болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн харагдах байдлыг чухалчилсан байгууламжаас илүүтэй аялагчдад бодитоор хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ, амрах нөхцөлийг бүрдүүлсэн дэд бүтцэд хөрөнгө оруулах нь орон нутгийн аялал жуулчлал, эдийн засагт урт хугацааны үр өгөөж авчрах боломжтой байна.







