
Стэнфордын их сургууль болон Arc Institute-н эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай вирусийн цоо шинэ геномууд бүтээжээ. Энэ нь анагаах ухааны салбарт томоохон ахиц дэвшил авчрах нээлт хэдий ч уг нээлтийг зүй бусаар буюу урвуулан ашиглаж болзошгүй гэж зарим нэг нь эмээж байна.
Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаандаа эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж, гэдэсний савханцар E.coli нян дотор амьдарч болох вирусийн олон мянган геномуудыг бүтээснээс 300-г нь лабораторид туршиж үзсэн тухайгаа бичжээ. Туршилтын явцад эрдэмтэд тэдгээрийн 16 нь амьдрах бүрэн чадвартайг тогтоожээ.
Шинэ вирусүүд нь хүнд нөлөөлөхгүй ч нянг устгах чадвартай бөгөөд шинэ вирусүүд нь байгальд байгаа вирусүүдтэй харьцуулахад E.coli гэдэсний савханцрын антибиотикт тэсвэртэй байдлыг ялан дийлэх чадвартай аж.
Энэхүү нээлт нь эрдэмтдэд антибиотикт тэсвэртэй олон төрлийн нянгуудтай тэмцэхэд туслах, хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй өвчин үүсгэгч нянгуудын эсрэг зохистой эмчилгээ бүтээх замыг нээж өгч байгаа аж.
Жонс Хопкинс төвийн дэргэдэх Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн эмч нар нөгөө талаас уг нээлт нь биоаюулгүй байдалд заналхийлж болзошгүйг онцолж, “Хиймэл оюун ухаанаар шинэ вирусүүд гаргаж авах боломж байгаа юм байна. Гэхдээ үүнийг зохицуулах хууль журам байхгүй байна.” гэжээ.







