
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгуулсан бол цаашид 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, зөвлөмж, удирдамж бүхий хугацаатай албан бичгийг 131 захиргааны байгууллагад хүргүүлэн, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг эрчимжүүлжээ.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдаж буй зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига болон ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж эхэлжээ.
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам судалгаа хийж, холбогдох мэдээллийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн гэв.
Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын нийт 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Энэхүү ажил нь төрийн байгууллагын үйл ажиллагааны давхардлыг бууруулах, төсөв, нөөцийг илүү үр ашигтай зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: ХЗДХЯ







