
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр Дорнод аймагт ажиллалаа.
Ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Чойбалсан-Хавирга боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Чойбалсан-Баян-Уул чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх асуудлыг танилцуулсан байна.
Мөн Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал сумдад түргэн тусламжийн автомашин олгох, Дашбалбар, Матад сумдад Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар байгуулах, Хэрлэн сумын III багт Гал түймэр унтраах анги шинээр байгуулах саналыг танилцуулжээ.
Түүнчлэн гамшгийн үед шуурхай ажиллах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин, аймгийн Онцгой комисст өвөлжилтийн бэлтгэл, ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед ашиглах зориулалттай 50 тонн шатахууны дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдээлэв.







