
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль-2026 болон Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хэрэгжих “World Awards 2026” олон улсын төслийн талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болох “Нүүдэлчин” фестивалийн үеэр дэлхийн мисс, моделийг шалгаруулах World Awards 2026 арга хэмжээг зохион байгуулах юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, COP17-д оролцох 190 гаруй орны төлөөлөгчид фестивальд хүрэлцэн ирж, Монголын нүүдлийн ахуй, үндэсний хувцас, өв соёлтой танилцана. Төслийн гол зорилго нь Монголын өв соёл, үндэсний онцлогийг дэлхийд сурталчлан таниулахад чиглэж байгаа аж.
Энэ удаагийн шалгаруулалт миссийн төрөлд World Grand Miss, World Heritage Miss, World Fashion Miss, моделийн төрөлд World Top Model, World Nomadic Top Model, World Talented Top Model, World Top Male Model гэсэн ангиллаар зохион байгуулагдах бөгөөд олон улсын мисс, моделиуд оролцож, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Sara брэндийн үүсгэн байгуулагч Б.Саранцэцэг энэхүү арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч, түнш байгууллагын төлөөллөөр ажиллаж буйгаа онцоллоо. Тэрбээр “Монголын өв соёл, үндэсний үнэ цэнийг дэлхийд сурталчлах зорилготой, дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж буйгаа баяртай байгаагаа илэрхийлж, үндэсний брэндүүд ийм төрлийн олон улсын төсөл, арга хэмжээнд оролцож монголыг таниулах үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” гэсэн юм.
Видео үзэх:









