
Умард Ирланд, Их Британийн MI6 Тагнуулын агентлаг Европын хамгийн хүчирхэг тагнуулын албаар шалгарчээ.
Францын L’Express сэтгүүлийн гаргасан жагсаалтын дагуу Их Британийн Тагнуулын агентлаг нь судалгаа шинжилгээний тал дээр хамгийн өндөр оноо буюу 251 оноо авч, бусад орны тагнуулын мэргэжилтнүүд Их Британийн тагнуулын агентлагийг эгнээндээ өндөр түвшний мэдээлэгчдийг элсүүлэх, ОХУ, БНХАУ, Иран, Турк зэрэг орнуудын улс төрийн элит давхаргад нэвтрэх өндөр чадвартайг үнэлжээ.
Их Британийн MI6 тагнуулын агентлагийн араас Францын Гадаад аюулгүй байдлын ерөнхий газар буюу DGSE бичигдсэн ба бусад орны тагнуулчид Францын тагнуулын албаны үйл ажиллагааны цар хүрээ, шуурхай ажиллах чадварыг өндрөөр үнэлжээ.
Жагсаалтын гуравт Нидерландын тагнуулын алба, дөрөвт Украин, тавд ХБНГУ-ын тагнуулын алба бичигдсэн бол хамгийн сул тагнуулын албатай улсаар Словак улс тодорчээ.
Их Британийн хувьд ОХУ Украин руу довтлох гэж буйг анх анхааруулсан орнуудын нэг бөгөөд ОХУ-Украины дайнтай холбоотой тагнуулын мэдээ мэдээлэл цуглуулах тал дээр Их Британийн тагнуулын алба бусдыгаа манлайлсаар байгаа аж.
Өнгөрсөн онд Их Британийн тагнуулын агентлагийн тэргүүнээр Блейз Метревели томилогдож, тус агентлагийн анхны эмэгтэй захирал болсон юм.
Францын тагнуулын албаны хувьд сөрөх тагнуулаараа дэлхийд тэргүүлэгч бөгөөд тус алба Францын аюулгүй байдалд заналхийлсэн этгээдүүдийг “арчих” нууц ажиллагаануудаараа алдартай аж. Францын экс Ерөнхийлөгч Франсуа Олланд Францын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байх хугацаандаа Ойрх Дорнод болон Африкт байсан “чухал” 40 байг хөнөөх тушаал өгч байсан тухайгаа ний нуугүй ярьж байжээ.







