
Өнөөдрийн /2026.08.05/ байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 11, АИ-95 автобензин 13, дизель түлш 18, онгоцны түлш 10 хоногийн нөөцтэй байгааг Шуурхай штабаас мэдээллээ.
Мөн наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад 162 вагон буюу 9720 тонн АИ-92 шатахуун импортоор орж ирсэн байна.
Шуурхай штабын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод шатахууны түгээлтийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр үйлчилгээний хүртээмж мэдэгдэхүйц сайжирчээ. Тодруулбал, өмнө нь өдөрт дунджаар 38 мянган автомашин шатахуун авдаг байсан бол зохицуулалт хэрэгжиж эхэлснээр энэ үзүүлэлт 115 мянгад хүрч, хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн байна.
Мөн шатахуун түгээх станцууд дараагийн татан авалтаа хийх хүртэлх хугацаанд нөөцөө тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэж, үүний үр дүнд шатахуун авах иргэдийн дараалал буурч эхэлснийг албаныхан мэдээлэв.







