
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо зохион байгуулагдахтай холбоотойгоор нийслэлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийхээр болжээ.
Тус олон улсын хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхийн 197 улсын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцох томоохон арга хэмжээ юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал болон төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор зарим салбарт түр зохицуулалт хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ хүрээнд боловсролын байгууллагуудтай холбоотой дараах зохицуулалтыг мөрдөнө.
Цэцэрлэгийн бүртгэл:
2026 оны наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд E-Mongolia системээр явагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт:
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэл хийнэ.
Энэ хугацаанд хүүхэд бүртгэхэд дэмжлэг үзүүлэх баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа:
2026 оны есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр эхэлнэ.
Есдүгээр сарын 14-нөөс танхимын сургалт хэвийн үргэлжилнэ.
Оюутны дотуур байрны зохицуулалт:
2026 оны есдүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд байрлуулж эхэлнэ.
Мөн COP17 хурал зохион байгуулагдах хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт элсэлт, бүртгэл болон бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Эдгээр зохицуулалт нь олон улсын хурлын үеийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийслэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой юм.







