
БНСУ-ын зүүн өмнөд зүгийн Янсан хотод өнгөрсөн ням гарагт агаарын хэм цельсийн 42.5 хэмд хүрч, тус улсын орчин цагийн түүхэн дэх буюу 1904 оноос цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн халуун өдөр болжээ.
БНСУ-ын эрх баригчид хэт халуун цаг агаар үргэлжилж буй бүс нутгуудын иргэдэд аль болох гадагш гарахгүй байхыг анхааруулаад байна.
Янсан хотод сүүлийн 5 өдөр дараалан агаарын хэм 40 хэмийг даваад байгаа бол Дэгү, Бусан зэрэг хотуудад агаарын хэм 30 хэмээс буухгүй байна.
Өнгөрсөн ням гарагийн байдлаар эрх баригчид өдөртөө 38 ба түүнээс дээш хэмээр халах төлөвтэй байгаа 20 гаруй байршилд хэт халалтын сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, БНСУ-ын Цаг уурын алба иргэдийг аль болох гадагш гарахгүй байх, гадаа хийх бүх ажлаа хойшлуулахыг мөн эйр кондишнгүй өрөө танхимд байх нь аюултай болохыг анхааруулж, аль болох хурдан сэрүүн газар олж орохыг, энэ хугацаанд шингэн сайн уухыг зөвлөжээ.
Түүнчлэн Өмнөд Кёнсан мужийн Чанвон хотод агаарын 39.5 хэмд хүрсэнтэй холбоотойгоор БНСУ-ын мэргэжлийн бейсболын лиг тус хотод болох ёстой хоёр ч тоглолтыг цуцлаад байгаа аж.
The Guardian







