
ОХУ-ын Москва хотод байрлах дээд зэрэглэлийн итали зоогийн газрын үүдэнд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 3 хүн амь үрэгдэж, 21 хүн шархаджээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Telegram сувгуудын мэдээлж байгаагаар дэлбэрэлт болох үед тус зоогийн газарт ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ерөнхий командлагч Александр Чайкогийн 55 насны төрсөн өдрийн баяр болж байсан аж.
Оросын Үндэсний Терроризмын эсрэг зөвлөлийн мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр зоогийн газар луу хайрцаг барьж орохыг оролдсон эмэгтэй, түүнийг дотогш нэвтрүүлээгүй хамгаалалтын ажилтан мөн тус зоогийн газраар үйлчлүүлж байсан нэг хүн амиа алджээ.
“Коммерсант” сайтын мэдээлснээр амиа алдсан эмэгтэй барьж явсан хайрцагт нь тэсрэх бөмбөг байсныг мэдээгүй байж болзошгүй бөгөөд тэрээр хамгаалалтын ажилтанд төрсөн өдрийн эзэнд бэлэг хүргэж ирсэн хэмээн мэдэгдсэн аж.
Металл бөмбөлгүүдээр дүүргэсэн тус тэсрэх бөмбөгийг алсаас удирдаж дэлбэлсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ба уг халдлагыг албан ёсоор алан хядах ажиллагаа гэж тодорхойлжээ.
Хууль сахиулагчид тус алан хядах ажиллагааны гол бай нь энэ оны 5-р сард ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ерөнхий командлагчаар томилогдсон А.Чайко байсан гэж таамаглаж байгаа ба А.Чайкогийн төрсөн өдрийн баярын үйл ажиллагаанд Оросын Холбооны Аюулгүй Байдлын Албаны өндөр албан тушаалтнууд, Батлан хамгаалах яамны генералууд, парламентын гишүүд, төрийн албан хаагчид уригдсан байжээ.
Эх сурвалж: BBC







