
Монгол Улсад урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ бол КОП17.
Манайдаа л хамгийн том гэгдсэн АCЕМ буюу Ази Европын улсуудын дээд хэмжээний уулзалтад 51 орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирсэн бол КОП17-д дэлхийн 197 орны төлөөлөгчид оролцоно.
АСЕМ-аар бид Ази Европын орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн бол харин КОП-оор эх орныхоо төдийгүй дэлхийн газар нутгийн доройтол, цөлжилттэй хэрхэн тэмцэх талаар ярилцаж нэгдсэн шийдэлд хүрнэ.
КОП гэж юу вэ. КОП 17 л гэнэ, КОП30 гээд байсан биш үү, яагаад 17 болчихов гэж асуух хүн ч байна.
КОП буюу COP гэдэг нь Conference of the Parties буюу “Талуудын бага хурал” гэсэн үгийн товчлол. Талууд нь тухайн асуудлаар нэгдсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнууд юм.

Өндөр хөгжилтэй, хөгжиж буй, буурай гээд нийгмийн хөгжил нь өөр улсад аж төрдөг, үс, нүдний өнгө, хэл, соёл ямар байхаас үл хамааран хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Хүмүүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр атар онгон байгаль, газар нутаг нь цөлжилтөд автаж, агаар нь бохирдож, хүлэмжийн хийн ялгарал ихсэж, дэлхийн дулаарал аюулын харанга дэлдэж буй нь бүх улс орны санаа тавих асуудал юм.
Ийм ч учраас эдгээр асуудлыг хамтран шийдэх зорилгоор 1992 онд Бразилд Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд байгаль орчны гурван том гэрээг байгуулжээ. Энэ нь
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц
-Биологийн олон янз байдлын тухай конвенц
-НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц юм.
Эх байгалийн бүхий л зүйлс хоорондоо шүтэлцээтэй. Уур амьсгалын өөрчлөлт дулаарал цөлжилтийг хурдасгадаг. Цөлжиж, газар доройтсоноос зарим амьтан, ургамлын зүйл устаж, биологийн олон янз байдалд муугаар нөлөөлж байна. Ургамал, амьтны биологийн олон янз байдал багасах нь нүүрсхүчлийн хийг шингээх чадварыг муутгаж, уур амьсгалын өөрчлөлтөд хөтөлнө. Эдгээр гурван асуудлыг бүхэлд нь шийдэх боломж хомс тул гурван янзын КОП буюу Талуудын бага хурлыг 1992 оноос эхлэн зохион байгуулдаг болжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурал нь жил тутам болдог бол Цөлжилттэй тэмцэх хурал нь хоёр жил тутамд нэг удаа хуралддаг.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бразилд COP 30 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал болж, байнга өссөөр байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 80 гаруй улс нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг чулуужсан түлшнээс үе шаттайгаар “татгалзах” замын зураглалыг гаргах уриалгад нэгдсэн ч эцсийн шийдэлд хүрч чадаагүй. Улс орнуудын эдийн засагт ихээхэн нөлөөтэй газрын тосыг борлуулагч орнууд энэ уриалгад нэгдээгүй учир уг асуудал цаашид хэлэлцэгдэхээр нээлттэй хэвээр үлдсэн юм.
Харин манай зохион байгуулж буй КОП17 бол Цөлжилттэй тэмцэх буюу газрын доройтлын асуудлаарх хурал. Тус конвенцид нэгдсэн талууд буюу 197 улсаас КОП17-д 4200 шахам хүн хуралд оролцохоор бүртгүүлээд байна. Цаашид энэ тоо 6000-д хүрнэ гэж тооцож байгаа юм.


Гадны баахан хүн ирүүлж мөнгө хөрөнгө үрэн таран хийх нь гэсэн шүүмжлэл хэлэх хүн ч байна. КОП бол НҮБ-ын стандартын дагуу хийгддэг хурал. Өөрөөр хэлбэл НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх үйл ажиллагааг хянадаг, хамтран хийдэг гэсэн үг. Энэ хуралд ирж буй гадаадын зочид төлөөлөгчид зардлаа бүгд өөрсдөө гаргана. Тийм ч учраас манай улсад санхүүжилт орж ирнэ үү гэхээс гарахгүй.
КОП17-д 6000-8000 төлөөлөгч оролцсон тохиолдолд манай улсад шууд утгаараа 150 тэрбум төгрөгийн эдийн засгийн өгөөж гарна гэж тооцож байна. Ирэх төлөөлөгчид зочид буудал, хоол унд, дэлгүүр хоршоо, бэлэг дурсгал, аялал жуулчлал, нислэгийн тийз зэрэг зүйл авна, тэр нь манай улсын компаниудын халаасанд санхүүжилт болж орно. Хэрвээ 6000-аас доош төлөөлөгч ирвэл 132 тэрбум, 8000-аас дээш бол 170 тэрбум төгрөгийн ашиг манай эдийн засагт орно гэж тооцож буй талаараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир саяхан хэвлэлийн бага хурлын үеэр хэлнэ лээ.
КОП нь яаж хуралддаг юм, хэрхэн шийдвэр гаргадаг юм бэ, дарга нарын л ажил, биднээс хол гэж бодож байна уу. КОП17-ын үйл ажиллагаа Цэнхэр, Ногоон хоёр бүсэд явагдана.
Цэнхэр бүсэд нь нь талууд буюу 197 орны төлөөлөгчид хуралдана. НҮБ-ын мэдэлд байх тус бүс аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалттай байх бөгөөд урьдчилан цахим системээр НҮБ-ын Конвенцын газарт бүртгүүлж, зөвшөөрөл, мандат аваагүй бол сайд дарга, иргэн хэн байлаа ч орох боломжгүй. КОП15 хүртэл зөвхөн Цэнхэр бүсэд л хурал болж, хэлэлцээгээ хийдэг байсан бол хоёр жилийн өмнө Саудын Арабын Рияд хотноо болсон КОП16-ын үеэр Ногоон бүс нэмэгджээ. Бидний хэн нь ч иргэний үнэмлэхээ үзүүлээд Ногоон бүсэд нэвтэрч болно. Ногоон бүсэд олон төрлийн үйл ажиллагаа явагдана. Байгальд хэрэгтэй шинэ санал санаачилгаа аж ахуйн нэгжүүд танилцуулахаас эхлээд урлаг соёлын зэргээр маш олон арга хэмжээ болно. Эх орондоо болж буй Олон улсын хамгийн том хурлыг үзэж сонирхох нь сайхан учраас бүгдээрээ зорин ирцгээх биз ээ.
Эх байгалийнхаа ачаар л бид амьдралын сайн сайхныг олж мэдэрдэг. Манай орныг зорин ирэгсэд ч онгон дагшин байгалийг маань хараад бишрэн дуу алдах нь олон. Гэхдээ дэлхий дахинд цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж буй улсын тоонд манайх орж буй. Нийт газар нутгийн маань 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. Цөлжилтийг зогсоохын тулд бидний хүсэл мөрөөдөл, сэтгэлээс гадна санхүүжилт хэрэгтэй. Тийм ч учраас цөлжилтөд их нэрвэгдсэн манай улс бодит байдлаа газар дээр нь дэлхий дахинд танилцуулж, нийтээрээ шийдэхийн тулд КОП17-г эх орондоо зохион байгуулж байна.
КОП л гээд байх юм, бэлтгэл юу хийсэн юм бэ гэсэн шүүмжлэл бас л дагаж байна. Өдгөөг хүртэл бэлтгэл ажлын хүрээнд маш олон хүч эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж байна. Ганцхан жишээ дурдахад байгальд “хайртай” 2000 гаруй залуус, 700 гаруй малчид, иргэний нийгмийн 190, эрдэм шинжилгээний 110, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагатай КОП зохион байгуулах Үндэсний хорооныхон уулзаж, мэдээлэл өгч, харилцан санал солилцож ажилллажээ. Сайн туршлагуудаа тэд танилцуулж, үүсээд байгаа бэрхшээлээ хэлж, хэрхэн давах туулах талаар ярьж, бас төсөл хөтөлбөр шийдлээ КОП17-ын хүрээнд танилцуулахаар болсон байна.


Цэнхэр бүсэд ажил хэрэг тасралтгүй өрнөж, улс орнууд өөрсдийн хэлэлцээ хийгчээр саналаа танилцуулж, нэгдсэн шийдэлд хүрэх ёстой. 197 орон 100 хувь нэг шийдэлд хүрч байж хэлэлцээ батлагддаг. Иймээс манайх хэлэлцээ хийгчиийнхээ эгнээг эрдэм боловсролтой, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдээ гадаадаас татаж ирүүлэн нэмж, энэ ажилд оролцуулж байна.
Олон удаагийн КОП-д оролцсон албан тушаалтны хэлснээр энэ арга хэмжээ үр дүнтэй болох эсэх нь монголчууд биднээс бүгдээс шалтгаална. Ирсэн хүмүүсийг тосох сайн дурынхнаас, таксины жолоочоос, үйлчилгээний ажилтнуудаас, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө найрсаг инээмсэглэх танаас ч бас хамаарна.
Эх байгалиа сэргээе
Итгэл найдвараа бадраая.
Энэ бол КОП17-ын уриа.
Эх оронд минь болж буй хамгийн том хурал ижий минь хэмээн бид дээдэлдэг газар шороогоо цөлжилт, доройтлоос хэрхэн аврах тухай асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ зөвхөн Монголын биш дэлхий нийтийн газрын доройтол, цөлжилттэй хэрхэн тэмцэх нэгдсэн шийдэлд хүрнэ. Хойч үедээ үлдээх хамгийн үнэ цэнэтэй зүйлийн минь нэг эх болсон газар шороо билээ. Бүгдээрээ хичээе. Үр шимийг нь байгаль дэлхий, газар шороо минь хүртэнэ ээ.
Р.ГАНПҮРЭВ







