
2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 16:02 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 204 дүгээр байрнаас утаа гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Гал түймэр унтраах 14, 10 дугаар анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, 17:10 цагт галын тархалтыг бүрэн зогсоосон байна.
Галын дөл нэг цаг гаруйн дотор намжсан ч түүнээс хойших хэдэн сар оршин суугчдын амьдрал хэвийн байдалдаа эргэн орсонгүй. Харин ч өдөр ирэх тусам хариултгүй асуултууд нэмэгдсээр байна.
- Гал юунаас болов,
- Цахилгааны босоо шугам яагаад бүхэлдээ шатав,
- Галын дохиолол яагаад ажилласангүй вэ,
- Хэн хариуцлага хүлээх ёстой вэ,
- Хохирлыг хэн барагдуулах вэ?



2026 оны 5 сарын 28
Гал унтарсан ч асуудал унтарсангүй
Орон сууцыг “Хурд Групп” барьж ашиглалтад оруулсан. Цахилгааны гүйцэтгэлийг “ЭС ЭН И ЖИ” ХХК, угсралтыг “ХЭТЭ Хүлэг” ХХК хийсэн талаар талууд мэдээлдэг. Харин камер, галын дохиоллын системийг “Добу” ХХК суурилуулжээ.
Оршин суугчдын ярьж буйгаар гал анх гарах үед галын дохиолол ажиллаагүй, камерын систем ч бодит нөхцөл байдлыг бүрэн бүртгээгүй гэх эргэлзээ үлджээ. Энэ талаар тухайн үед дуудлага өгсөн иргэд ч мэдээлсэн байна.
Харин цахилгааны ажлыг хийсэн “ЭС ЭН И ЖИ” ХХК-ын тооцооллын инженер Б.Сарангуа “Оршин суугчидтай удаа дараа холбогдож, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан гэх тайлбар өгсөн. Нөгөө талд угсралтыг хийсэн “ХЭТЭ Хүлэг” ХХК-ын талаар “ЭС ЭН И ЖИ” ХХК-ын инженер угсралтын ажилд алдаа байсан тухай мэдээлэл өгсөн. Ингэснээр нэг компани нөгөөгөө, нөгөө нь өөр байгууллагыг заасан нөхцөл байдал үүсч, эцсийн хариуцлага хэнийх болох нь бүрхэг хэвээр үлдэв.
Хоёр сар дараалан байрандаа огт амьдраагүй, тог ус ашиглаагүй айлуудад цахилгаан, ус, дулааны төлбөрийн нэхэмжлэл илгээгдсэн байна. Заримд нь алданги хүртэл бодогджээ.
Цахилгааны үйлчилгээ хариуцдаг “Эс Жи И Эн” ХХК болон ус, дулааны засвар үйлчилгээ эрхэлдэг “Хүннү хотхон” ХХК-аас ирсэн нэхэмжлэлийн талаар асуухад “галын асуудал манайхаас шалтгаалаагүй” гэсэн тайлбар өгсөн талаар оршин суугчид ярьж байна.
Асуулт нь энгийн. Ашиглаагүй хэрэглээний төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн бэ?
Оршин суугчдын мэдээлснээр уг байр нь анх цэвэр орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон ч нэгдүгээр давхарт өндөр чадлын цахилгаан хэрэглэдэг үйлчилгээний газрууд ажилладаг байна. Тэдгээр байгууллагад хэн зөвшөөрөл олгосон, байрны цахилгааны хүчин чадал ийм хэрэглээг даах тооцоотой байсан эсэх өнөөдөр тодорхойгүй хэвээр.
Оршин суугчид “220 вольтын зориулалттай систем дээр 360 вольтын хэрэглээтэй үйлчилгээ ажиллаж байсан” гэх хардлагаа илэрхийлж байгаа ч үүнийг албан ёсны техникийн дүгнэлтээр баталгаажуулсан мэдээлэл одоогоор гараагүй байна.
Галын дараа улсын хөрөнгөөр цахилгааны үндсэн шугамыг дахин шинэчилжээ. Гэвч шинээр угсарсан шугамдаа ямар баталгаа өгөх талаар “ХЭТЭ Хүлэг” ХХК-аас тодорхой хариу аваагүй гэж оршин суугчид хэлж байна.
Үүнээс ч илүү ноцтой нь зарим айл байрандаа аль хэдийнэ нүүж орсон боловч аюулгүй байдлын талаарх албан ёсны баталгааг хэн ч танилцуулаагүй гэх гомдол гаргажээ. Энэ нь иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдсан эсэх талаар шинэ эргэлзээ төрүүлж байна.
Цахилгааны үйлчилгээний тогтолцоо
Улаанбаатар хотын ихэнх хэрэглэгч төлбөрөө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлдөг бол Цэнгэлдэх хотхоны оршин суугчид “Эс Жи И Эн” ХХК гэх хувийн компанид төлбөр төлдөг байна. Тус компани цахилгааны дотоод ашиглалт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцдаг гэх боловч богино хугацаанд хоёр удаа цахилгааны гэмтэл гарч, эцэстээ томоохон гал болж хувирсан нь үйлчилгээний чанартай холбоотой эсэх талаар хяналтын байгууллагууд албан ёсны үнэлгээ хийх шаардлагатай байгааг оршин суугчид онцолж байна.
Энэ бүхний зэрэгцээ СӨХ-ийн асуудал давхар сөхөгдөж эхэлжээ
1184 айлаас сар бүр 75-115 мянган төгрөгийн төлбөр төвлөрүүлдэг атлаа галын дараах сэргээн засварлалт хийх санхүү байхгүй гэх тайлбар өгсөн нь оршин суугчдын бухимдлыг улам нэмэгдүүлсэн. Тайлангаа гаргаж өгөхгүй, Хяналтын зөвлөлөө тараасан, СӨХ-ийн удирдах зөвлөл цөөн хүний бүрэлдэхүүнтэй болсон, оршин суугчидтай уулзахаас зайлсхийдэг гэх гомдлыг тэд хэлсээр байна.
Үүний улмаас оршин суугчид өөрсдийн мөнгөөр орцоо засварлаж, зарим нь лифтгүйгээр амьдарч, зарим нь өнөөдрийг хүртэл гэртээ эргэн орж чадахгүй хэвээр байна.
Энэ хэрэг ганц гал түймрийн тухай биш
Барилгын чанар, цахилгааны угсралт, ашиглалтын үеийн хяналт, үйлчилгээний компаниудын хариуцлага, СӨХ-ийн ил тод байдал, төрийн байгууллагуудын хяналтын тогтолцоо зэрэг олон асуудал нэг цэг дээр огтлолцжээ.
Хэрэв галын дохиолол үнэхээр ажиллаагүй бол хэн хариуцах вэ?
Хэрэв цахилгааны угсралт алдаатай байсан бол баталгааг хэн гаргах вэ?
Хэрэв ашиглаагүй хэрэглээний төлбөр нэхэмжилсэн бол хэн буцаан олгох вэ?
Хэрэв СӨХ оршин суугчдын мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол хэн шалгах вэ?
Эдгээр асуултын хариуг зөвхөн оршин суугчид бус олон нийт хүлээж байна.
Учир нь маргааш ийм гал өөр нэг хотхон, өөр нэг орон сууцанд гарвал энэ бүх асуулт дахин давтагдахгүй гэх баталгаа өнөөдөр алга.








Нэг л байрны асуудал мэт боловч хот даяараа ийм асуудалтай байгаа. Сүүлийн үед цахилгаанаас үүдэлтэй гарсан галын тохиолдол нэмэгдээд байх шиг??? Холболт хийдэг байгууллагууд чанаргүй ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. Бас орон сууцанд CU, GS25 зэрэг өндөр хүчдэлийн цахилгаан хэрэглэдэг байгууллагуудыг ажиллуулмааргүй байх юм. Үйлчилгээ эрхлэх зориулалттай байранд л үйлчилгээ эрхэлдэг баймаар байна. Хаа хаанаа асуудал их байна даа