
Наадмын урт амралт, аялал зугаалгын улирал өндөрлөж хүмүүс хотын амьдралдаа эргэн орж байна. Харин энэ үед хамгийн их анзаарагддаг өөрчлөлтийн нэг нь нар, салхи, тоос шороонд удаан байсан арьс борлож хуурайшсан байдаг. Иймээс “арьсаа хурдан цайруулах” бүтээгдэхүүн хайх, өндөр тунтай витамин С хэрэглэх, төрөл бүрийн гэрийн аргыг турших хүмүүсийн тоо жил бүр нэмэгддэг байна.
Гэвч эмчийн зөвлөж буйгаар ийм яаравчилсан аргууд нь хүссэн үр дүнд хүргэхгүйгээс гадна эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.
Тэрбээр “Арьс борлосон үед хүмүүс хамгийн түрүүнд өндөр тунтай витамин С уувал арьс цайрна гэж ойлгодог. Үнэндээ витамин С нь арьсны өнгийг шууд өөрчилдөггүй. Харин хэт өндөр тунгаар хэрэглэх нь ходоод гэдэс цочроох, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг хоол боловсруулах замын зовиур үүсгэх эрсдэлтэй” гэв.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд “1000-2000 мг витамин С өдөр бүр уугаад арьсаа цайруулсан” гэх мэдээлэл түгээмэл болсон. Харин олон улсын арьсны эмч нар энэ ойлголтыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үздэг. “Америкийн Арьсны Эмч Нарын Академи” эрүүл хүн арьсаа арчлах зорилгоор нэмэлт витамин заавал хэрэглэх шаардлагагүй бөгөөд шаардлагатай шим тэжээлээ эхлээд хоол хүнсээрээ авахыг зөвлөдөг. Хэрэв витамин дутагдал оношлогдоогүй бол нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөгүйгээр өндөр тунгаар хэрэглэх нь ашиг багатайгаас гадна сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг онцолжээ.
Арьс яагаад борлодог вэ?
Арьс борлох нь бие махбодын өөрийгөө хамгаалах байгалийн урвал юм. Нарны хэт ягаан туяанд өртөхөд меланоцит эсүүд меланин гэх пигментийг илүү ихээр ялгаруулдаг. Энэхүү пигмент нь арьсны гүн давхаргыг хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл борлосон өнгө нь арьс гэмтэхээс хамгаалж буй дохио болохоос “бохирдсон өнгө” биш юм.
“Нэг шөнийн дотор цайруулна” гэсэн амлалтад итгэх хэрэггүй
Арьсны эмч Э.Болор-Эрдэнийн хэлснээр хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа нь нимбэгийн шүүсээр нүүрээ арчих, хүнсний содаар гуужуулах, таргаар маск тавих болон өндөр хүчиллэг бүтээгдэхүүн давтамжтай хэрэглэх явдал байдаг.
Эдгээр аргууд нь арьсны хамгаалах давхаргыг гэмтээж улайлт үүсгэхээс гадна үрэвслийн дараах нөсөөжилтийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Ялангуяа нарны дараа арьс хэдийнэ эмзэг болсон үед хүчтэй хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглэх нь нөхцөл байдлыг улам дордуулдаг.
Мөн “гуравхан хоногт цайруулна”, “нэг удаагийн хэрэглээгээр өнгө өөрчилнө” гэх сурталчилгаатай бүтээгдэхүүнүүд химийн өндөр орц найрлагатайг тул арьсыг илүү гэмтээж, эмзэгшүүлдэг аж.
Олон улсын арьсны эмч нарын зөвлөмжөөр нарны дараах арьсны арчилгааны хамгийн эхний алхам нь чийгшлийг нөхөх байдаг.
Арьс нар салхинд удаан байх үед хамгаалах давхарга нь гэмтэж их хэмжээний ус алддаг. Иймээс гиалуроны хүчил, керамид, глицерин зэрэг найрлагатай чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хамгаалах давхаргыг сэргээхэд тустай.
Зургаан сартайгаас дээш нярайд нарны тос хэрэглэж хэвшээрэй
Бага насны хүүхдийн арьс насанд хүрэгчдийнхээс илүү нимгэн байдаг учир нарны хэт ягаан туяанд амархан өртдөг. Арьсны эмч Э.Болор-Эрдэнэ аялалд бага насны хүүхэд авч явахдаа физик буюу эрдэс шүүлтүүртэй нарны тос хэрэглэхийг зөвлөж байна. Ийм төрлийн нарны тос нь арьсны гадаргууд хамгаалалтын давхарга үүсгэн хэт ягаан туяаг ойлгодог тул мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой байдаг.
Арьсны өнгө нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй. Арьсны шинэ эсүүд аажмаар нөхөн төлжих явцад ихэнх хүний борлолт дөрвөөс найман долоо хоногийн хугацаанд бүдгэрдэг. Энэ хугацаанд арьсаа тогтмол чийгшүүлж нарны хамгаалалтаа алгасахгүй байх нь өнгийг жигд сэргээх хамгийн зөв арга юм.
Хэрэв арьсан дээр бараан толбо удаан хугацаанд арилахгүй байх, хүчтэй улайх, өвдөх, цэврүү үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрөө эмчлэхээс илүүтэй арьсны эмчид хандах шаардлагатай.
Арьсны эмч Э.Болор-Эрдэнийн онцолсноор эрүүл гэрэлтсэн арьсны нууц нь хүчээр цайруулахад биш харин арьсны хамгаалах давхаргыг сэргээж тогтмол чийгшүүлэн нарны хамгаалалтаа зөв хэрэглэхэд оршдог. Хурдан үр дүн амласан бүтээгдэхүүнээс илүү зөв арчилгаа удаан хугацаанд арьсны эрүүл мэндийг хамгаалдаг гэдгийг тэрбээр дахин санууллаа.







