
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн давааны барилдаан болж өндөрлөлөө.
Нэгийн давааны барилдааны өмнө зургаадугаар сарын 9-ний өдрийн Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн шийдвэрээр таван сарын хугацаатай эрхээ хасуулаад байсан Улсын арслан Р.Пүрэвдагва Улсын наадамдаа зодоглохоор ирэв. Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс барилдуулах боломжгүй гэж байсан ч удалгүй барилдуулахаар болж Улсын арслан Р.Пүрэвдагва наадамчин олон болон барилдахаар ирсэн бөхчүүдээс уучлал гуйж барилдаж залуу бөх Д.Ган-Өлзийгөөр нэг даваад байна.
Энэ жилийн хувьд Их Монгол Улсын 820 жилийн ойн түүхэн тэгш ой тохиож байгаа тул 1024 бөхийн барилдаан зохион байгуулах шийдвэрийг гаргав. Энэ жилийн баяр наадмын гол онцлог нь хүчит 1024 бөхийн барилдааныг гурав хоногт зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.
Хүчит 1024 бөхийн барилдаанд Улсын цолтой 138 бөх зодоглож буйгаас таван Аварга, долоон арслан, таван гарди цолтон барилдаж байна. Нэгийн давааны төгсгөлд улсын цолтой 128 бөх нэг даваад байна.
Энэ жилийн аймгуудын баяр наадамд амжилт гаргаж аймгийн цолтны их гэр бүлд багтсан бөхчүүд сумын заан цолтойгоо барилдлаа. Тодруулбал Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин цол хүртсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат М.Дармаабазар харцагын хүү Д.Мөнхтулга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.
Хүчит бөхийн барилдааны хоёр, гурвын давааны барилдаан Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын дараа 14:00 цагаас эхлэх хуваарьтай байна.









