
Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн спортын салбарт ч үе үеэрээ онцгой содон түүх бүтээдэг. Энэ ч утгаараа сайн багшаас сайн шавь төрдөг гэдэг дээ.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ж.Даахүү багшийн ууган шавь тэр дотроо волейболын спортод эрхэм багшийнхаа залгамж чанар болж яваа нэгэн үеийн тод төлөөлөл бол Олон Улсын Хэмжээний мастер Чойнямын Түмэндэмбэрэл юм.

Түүний хувьд 1978 оноос спортын гараагаа эхэлж, волейбол тоглож байх үедээ 1982-1985 онд БТС-ын “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагч, Улсын шигшээ багийн тамирчин байв.
МУГД Ж.Даахүү багшийн гарын шавь нар өөр өөрийн гэсэн авьяас, ур чадвараараа гайхагддаг. Тиймээс ч өдгөө багшийнхаа залгамж болж, ОУХМ Ч.Түмэндэмбэрэл төрдөө үнсүүлэн МУГД хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.


Тэрбээр 2013-2023 оны хооронд нийт 10 жил Идэрчүүд,Өсвөрийн эрэгтэй ,эмэгтэй багуудын ахлах дасгалжуулагчаар ажиллаж тасралтгүй бүсээсээ шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2019 онд Улсын аварга баг болж алтан медаль 2019 онд Идэрчүүдийн Супер-8 тэмцээнээс хос Мөнгөн медаль хүртэж байлаа. Дасгалжуулагчийн эгэлгүй албанд шилжээд олон арван шавь нарыг бэлтгэн төрүүлж, 32 жилийг ардаа үджээ.
Ингээд волейболын спортоос төрөн гарсан шинэхэн Гавьяат дасгалжуулагч Ч.Түмэндэмбэрэл болон түүний гэргий, багш дасгалжуулагч, мөн нэгэн үеийн тамирчин найзуудтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Волейболын спортын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл: “Сайн багшаас сайн шавь төрдөг” гэдэгчлэн миний амьдралын спортын салбарт зориулсан он жилүүдийн 90 гаруй хувь нь МУГД Ж.Даахүү багштай маань салшгүй холбоотой
-Төр түмэн олондоо баярласнаа илэрхийлье. Хэдхэн мөчийн өмнө төрийнхөө ордон дотор ийм сайхан хүндтэй шагнал авлаа. МУГД Ж.Даахүү багшийн шавиар 1978 онд хадаг, сүү бариад л шавийн барилдлагаар шавь болж байлаа.
Тэр цагаас хойш багшийнхаа удирдлага дор волейболын спортоороо тасралтгүй хичээллэж, тэмцээн уралдаан өрсөлдөж байсан. Мөн Монгол Улсынхаа шигшээ багт нэгэн үе тамирчин явлаа. Энэ сайхан амжилтуудыг гаргаж, төрийн хүндэт дээд шагнал МУГД хэмээх энэ цолыг хүртэж байгаадаа багшдаа болон дээд тэнгэрт байгаа ахдаа, аавдаа мөн хань ижил, үр хүүхэд нартаа маш их баярлалаа. Намайг угтаж авч буй энд ирсэн нийт хүмүүстээ их баярлалаа гэж хэлье.
Багшдаа маш их баярлалаа. Хүнд ер нь багш гэдэг эрхэм үнэхээр хамгийн дээд эрхэм хүн юм. Үнэхээр багшгүйгээр өнөөдөр миний амьдрал өдий зэрэгтэй байна гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал. Тийм учраас намайг хүн болгосон өнөөдөр бүр Гавьяат дасгалжуулагч болгосон нь багштай маань салшгүй холбоотой. Миний амьдралын 90 гаруй хувь нь энэ хүнтэй салшгүй холбоотой байдаг юм. Үлдсэн хувь нь миний өөрийн хөдөлмөр, зүтгэлээс шалтгаалсан. Энд онцлоод хэлэхэд ирээдүй хойч үе болсон волейболын спортын хүүхдүүдэд хандаж хэлэхэд багшаа дээдэлж яваарай гэж захихыг хүсэж байна.


Миний хувьд 1978 онд 6 дугаар ангийн сурагч байхдаа эрхэм багшдаа шавь болон орж, түүнээс хойш 42 жилийг волейболын спортоор амьсгалж, энэ спортоороо амьдарч явна. Дасгалжуулагч хэмээх тэр их ажлыг эхэлсэн цаг хугацаа 32 жил болж байна.
Би өөрөө Ховд аймгийн шигшээ баг, идэрчүүдийн шигшээ багт тоглож улмаар Ардын цэргийн албанд 1982 онд очиж “Алдар” нийгэмлэгийн шигшээ баг буюу Монгол улсын шигшээ багт Ж.Даахүү багш болон Гавьяат багш Д.Халзан, Дэмбэрэлсайхан багш, Доржжав багш гээд эрхмүүдийнхээ удирдлага дор энэ сайхан том айлын босгыг алхаж орсон.


Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ж.Даахүү: Миний шавь нараас 3 дахь Гавьяат төрж буйд маш их баяртай байна
-Өнөөдөр сэтгэл их хөдөлсөн сайхан өдөр байна. Би 15 жилийн өмнө анх Гавьяат дасгалжуулагч болж байсан. 15 жилийн дараа миний ууган шавь яг энэ цаг минутад МУГД болж байгаад их баяртай байна. Энэ гавьяат дасгалжуулагч цол нь миний шавийн хүч хөдөлмөр шингэсэн мөн ар гэрийнхэн нь дэмжиж тусалсан, хамт олны хүч хөдөлмөрөөр ийм өндөр шагналд хүрч байгаад их баяртай байна аа.
Миний шавь нараас 3 дахь Гавьяат төрж байгаа нь энэ.


Гэргий Ч.Эрдэнэхишиг:
-Өнөөдөр хань маань МУГД цол авч байгаад үнэхээр сэтгэл хөдөлж, миний энэ амьдралын хамгийн баярт мөчийн нэгээхэн хэсэг. Тэгээд ханьдаа баяр хүргэе. Миний хувьд би 4 хүүхэдтэй. Ер нь тамирчны ар гэрийнхэн хэзээд бат ар тал болж явдаг. Том хүү маань яг төрөх гээд л өнөө маргаашгүй байж байхад л миний хань улсын аваргад явж байсан. Би уйлаад л үлдэж байлаа. Энэ мэтчилэн бүх л юмаар ханиа дэмжиж, хөгжүүлж ингэж явсан даа.
Энэ волейболын спортын төлөө миний хань маш их хичээнгүй зүтгэж, хөдөлмөрлөж, тууштай явж ирсэн дээ.
Манайд ах дүү нар Сар шинийн баяраар шинийн 1, 2-нд ирж хөл дарна. Харин миний ханийн шавь нар хөөрхөн хүүхдүүд шинийн 3-ны өдөр ирж золгодог учраас энэ өдрийг бараг шавь нарт нь зориулж бэлддэг дээ.


Волейболын спортын Олон Улсын Хэмжээний Мастер Д.Дамдиннаваг: Түмээ ахтайгаа олон жил хамтдаа нэг багт тоглож, олон сайхан амжилтын эзэд болж байсан
-Би өнөөдөр МУГД цол хүртсэн Түмээ ахтай хамт волейбол хамтдаа тоглож, ирсэн. Бид 2 Ховдын Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын 1 дүгээр ангиас биеийн тамирын ангид хамт суралцаж байлаа. Хамт олон жил тоглож, олон сайхан амжилтын эзэн болсон. МУГД Ж.Даахүү багш гэж манай эрхэм багш байна. Багшийн маань шавь нар дотроос 3 дахь гавьяат нь төрж байгаа юм. Өнөөдөр манай Түмээ ах 3 дахь гавьяат нь болж байна. Түмээ ахдаа МУГД болсонд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Волейболын спортын мастер Д.Сүхбаатар: Ч.Түмэндэмбэрэл дүү маань Төрдөө үнсүүлсэн нь олон жилийн тууштай, шаргуу хөдөлмөрийнх нь үр дүн
-Спорт үнэхээр сайхан буянтай салбар. Хэр баргийн хүн тэр болгон хүртээд байдаг алдар гавьяа биш. Үүнийг Түмэндэмбэрэл дүү маань олон жилийн тууштай, шаргуу хөдөлмөр зүтгэлээр төрдөө үнсүүлэн, гардаж авлаа. Түмээгийн маань бэлтгэсэн шавь нар, дүү нар энэ сайхан гавьяаг нь ирээдүйд залгамжлан, үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Ярилцсанд баярлалаа.
Ирэх 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Волейболын Зүүн Азиийн эрэгтэйчүүдийн АШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Монголынхоо волейболын шигшээ багийн тоглолтыг үзэнгээ, багаа дэмжихийг волейболын мастерууд уриалж байлаа.
Тэдний хувьд шинэхэн Гавьяат дасгалжуулагчаар ахлуулаад алс холын Ховд нутгаас нийслэл хотын зорин ирж, тус тэмцээнийг үзэж, шигшээ багийн залуусаа уухайлан дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа.
Спортын сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр


Видео ярилцлагыг үзэх линк:









