
Үүл нүүж уулсыг илбэнэ.
Үүрийн гэгээ тал нутгийг алтан туяагаар гэрэлтүүлнэ.
Морьдын төвөргөөн хөндийгөөр нэг цуурайтаж, хүчит бөхчүүдийн дэвээ, сурын сумны исгэрээ, айрагны үнэр, уртын дууны аялгуу Монгол орныг нэгэн хэмнэлд нэгтгэдэг.
Энэ бол монгол түмний минь хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам.
Энэ жилийн наадмаар долоодугаар сарын 10-наас 20-нийг хүртэл нийт 10 хоног амарна. Заримынх нь хувьд энэ бол жилийн хамгийн урт амралтуудын нэг. Харин нөгөө хэсэг нь “Наадмаар юу хийх вэ?” гэсэн асуултынхаа хариуг одоо ч хайсаар сууна.
Жен Зи үеийнхэн буюу 1997-2012 оны хооронд төрсөн залуусын аялал, амралтын хэв маяг өмнөх үеийнхнээс эрс өөр. Тэд зүгээр гэртээ суун, амарч өнгөрүүлэхийг бус, шинэ дурсамж бүтээх, соёлтойгоо ойртож, байгальтайгаа холбогдохыг илүүд үздэг болсон. Тиймээс энэ удаагийн 10 хоногийг утасны дэлгэц ширтэж өнгөрүүлэхийн оронд Монголынхоо өв соёл, байгаль, адал явдалтай танилцахад зориулж яагаад болохгүй гэж.
Жен Зи үеийнхэн наадмаар юу хийх вэ?
Арав хоногийн амралтаа дурсамжаар дүүргэх санаанууд:
- Улаанбаатар хотоос холгүй, Налайхын зүүн пост орчимд очвол хэдхэн минутын дотор монгол нүүдэлчдийн соёлын нэгэн хэсгийг өөрийн биеэр мэдрэх боломжтой.
Морь унаж, тэмээнд мордож, анч бүргэд, тас шувууг гар дээрээ суулган зураг авахуулна. Эдгээр үйлчилгээ тус бүр ойролцоогоор 10 мянган төгрөгийн үнэтэй.

Гэхдээ үнэ нь хамгийн сонирхолтой хэсэг биш. Тэрхүү хэдхэн минутын турш хэдэн килограмм жинтэй бүргэд гар дээр тань бууж, тэнгэр өөд ширтэх тэр агшин цахим сүлжээнд нийтлэх нэг зураг төдий бус, өвөг дээдсийнхээ амьдралын хэв маягийг мэдэрсэн бодит туршлага болон үлддэг.


Налайхын зүүн пост орчимд 10 гаруй жилийн турш морь, тэмээ унуулах аялал жуулчлалын бичил бизнес эрхэлж буй н.Пүрэвсүхийн хувьд энэ ажил нь зүгээр нэг амьжиргааны эх үүсвэр бус, амьтдыг хайрлан хамгаалах хүсэл сэтгэлтэй нь салшгүй холбоотой ажээ.
Түүний унуулж буй морь, тэмээний ихэнхийг бойнд хүргэгдэх гэж байхад нь худалдан авч, аварч өсгөсөн байдаг.
Харин өнөөдөр эдгээр амьтад жуулчид, аялагчдад Монголын уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлыг мэдрүүлэх аяллын нэгэн хэсэг болжээ.
Тэрбээр өөрийн хүч хөдөлмөрөөр бүргэд, тас шувууг гаршуулан сургаж, жуулчдад ойроос харж, гар дээрээ суулган зураг авахуулж, танилцах боломжийг бүрдүүлдүүлэх бүх хэсэгтээ ажилладаг.
Түүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Налайхын зүүн пост орчимд ирсэн хүмүүс морь, тэмээ унахаас гадна Монголын анч бүргэдийн уламжлал, махчин шувуудын онцлогийг нэг дороос мэдэрч, байгаль, амьтантай ойр байх ховорхон дурсамжийг бүтээдэг болсон байна.
- Цонжинболдогийн хөшөөний цаахан талд адууны туурайн чимээ, голын урсгал, уулсын салхи сонсогдох өөр нэгэн ертөнц бий.
Энд нэг болон хоёр өдрийн морин аялалд хамрагдах боломжтой бөгөөд ойролцоогоор 300 мянган төгрөгөөр байгалийн үзэсгэлэнт бүсээр аялж, майханд хоноглон, ил гал дээр чанасан хоол идэж, жинхэнэ нүүдэлчдийн ахуйг мэдэрнэ.


Өглөөний мананд морьтой давхих мэдрэмжийг ямар ч өндөр барилга, ямар ч худалдааны төв орлож чадахгүй биз. Хотын чимээ шуугианаас түр холдож, өөртэйгөө үлдэх хамгийн үнэ цэнтэй аялал энэ байж мэднэ.
- Хэрэв энэ наадмаар өөрийгөө бага зэрэг сорьж, адреналин мэдрэхийг хүсвэл нисдэг тэрэгний аялалд сууж болно.
Газраас хэдэн зуун метрийн өндрөөс харахад бидний өдөр бүр алхдаг хот хүртэл өөр ертөнц шиг санагдана. Ногоон тал, уулс, гол мөрөн, өндөр барилгууд нэгэн зураг мэт нүдний өмнө дэлгэгдэнэ.
Баяр дагаж сэргэдэг “эдийн засаг”
Үндэсний их баяр наадам болоход зөвхөн баярын уур амьсгал нэмэгддэггүй. Монголын эдийн засаг ч мөн хамгийн идэвхтэй үеийнхээ нэгийг эхлүүлдэг.
Хот, хөдөөг зорих автомашины урсгал нэмэгдэж, шатахуун, тээвэр, хоол үйлдвэрлэл, зочид буудал, жуулчны бааз, худалдаа, гар урлал, үндэсний хувцас, малчдын бүтээгдэхүүний борлуулалт эрчимждэг.
Хөдөөгийн айл өрхүүд жуулчин хүлээн авч, морин аялал, тэмээ унах үйлчилгээ үзүүлж, гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулах зэргээр орлогоо нэмэгдүүлдэг.
Мөн дэлхийн олон орны жуулчид зөвхөн Наадмыг үзэхээр Монголыг зорьдог нь аялал жуулчлалын салбарын орлогыг өсгөж, олон жижиг бизнесийн жилийн хамгийн ашигтай улирлыг бүрдүүлдэг.
Тиймээс нэг хүний аялал, нэг гэр бүлийн амралт цаанаа олон айлын орлогыг дэмжиж байдаг.
Найзуудтайгаа инээж өнгөрүүлсэн аялал, хайртай хүнтэйгээ морь унасан тэр өдөр, аав ээжтэйгээ хамт үзсэн наадам, бүргэд гар дээрээ суулгаж авхуулсан зураг, нисдэг тэргээр эх орноо тольдсон хэдхэн минут…
Жен Зи үеийнхэн өнөөдөр дэлхийгээр аялж, шинэ соёл хайдаг. Гэвч заримдаа хамгийн гайхамшигтай аялал нь бидний хөл дор, эх оронд минь байдаг. Морьдын төвөргөөнөөр тал нутаг амилан, хүчит бөхчүүдийн дэвээнд уулс өндөлзөж, сурын сум салхи зүсэн исгэрэх энэ цаг мөчид манай орны зун хамгийн үзэсгэлэнтэйгээрээ дэлгэрдэг.









